Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрвээхэйн нислэг 9 сарын эхний 10 хоног хүртэл үргэлжилнэ

Манай орны ойн зонхилох хөнөөлт шавжийн нэг болох Өрөөсгөл хүр эрвээхэйн /Lymintria dispar L/ нислэгийн мөчлөг энэ цаг хугацаанд тохиож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Эрвээхэйн нислэг 9 сарын эхний 10 хоног хүртэл үргэлжилнэ
Эрвээхэйн нислэг 9 сарын эхний 10 хоног хүртэл үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Манай орны ойн зонхилох хөнөөлт шавжийн нэг болох Өрөөсгөл хүр эрвээхэйн /Lymintria dispar L/ нислэгийн мөчлөг энэ цаг хугацаанд тохиож байна. Энэхүү зүйлийн хөнөөлт шавжийн бие гүйцсэн эрвээхэй 8 дугаар сарын эхний арав хоногоос 9 дүгээр сарын эхний арав хоног хүртэлх хугацаанд идэвхитэй нисэж эвцэлцээнд ордог. Шөнийн идэвхитэй, гэрэлд дуртай учир нэг дор олноороо цуглан тохиромжтой газар өндөглөдөг.

Ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох судалгааны ажлыг хавар, намар гэсэн үе шаттайгаар жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 15 аймгийн 84 сумын 765.7 мян.га талбайд хөнөөлт шавж тархсан, 15 аймгийн 75 сумын 571.5 мян.га талбайд хөнөөлийн голомт үүссэн тогтоогдоод байна. Энэхүү голомт үүсгэсэн талбайн 50-60 орчим хувийг Өрөөсгөл хүр эрвээхэйн голомт эзлэж байна.

Өрөөсгөл хүр эрвээхэй нь өндөг, хүрэнцэр, хүүхэлдэй, эрвээхэй гэсэн үе шатуудыг дамждаг, бүрэн хувиралтай, амьдралын нэг жилийн мөчлөгтэй шавж юм. Хүрэнцэрийн үе шатандаа 300 гаруй төрлийн мод, бут сөөгөөр хооллон хөнөөл учруулдаг навч шилмүүсний гол хөнөөлт шавжийн нэг юм.

Модны навч, шимлүүсээр хооллох үе шатанд нь агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар, бие гүйцсэн эрвээхэй үе шатанд нь феромонт болон гэрлэн урхи ашиглан тоо толгойн нягтшилтыг бууруулах тэмцлийн ажлыг зохион байгуулдаг.

Өрөөсгөл хүр эрвээхэйтэй гэрлэн урхи тавих аргаар тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Батсүмбэр сумын ойн санд зохион байгуулан гүйцэтгэж байна. Өрөөсгөл хүр эрвээхэй тоо толгой, нягтшилтыг бууруулах арга хэмжээг зохион байгуулан гүйцэтгэж байгаа боловч голомт ихээхэн хэмжээний талбай хамарсан, нягтшилт их байгаа учир цаашид тэмцлийн ажил явуулах шаардлагатай байгаа талбайг бүрэн хамруулан тэмцэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан холбогдох газруудад хүргүүлээд байна.

Зөвлөмж

Эрвээхэйн нислэгийн үе дөнгөж эхлэж байгаатай холбогдуулан ард, иргэдийг шаардлагагүй бол гадаа гэрэл асаахгүй байж, гэр болон байшингийн хана туурганд өндөглөсөн өндгийг хусаж цуглуулах, булж устгахыг зөвлөж байна. Өндгийг хусаж цуглуулахдаа амны хаалт, бээлий, нүдний шил хэрэглэхийг анхааруулж байна.

Хуваалцах