Есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулагчдын нэг гэгддэг Мохаммедийн захидлыг нийтэд дэлгэжээ
2011 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг зохион байгуулагчдын нэг гэгддэг Халид Шейх Мохаммедийн захидлыг нийтэд дэлгэсэн байна.
Мэдээллийн алба

2011 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг зохион байгуулагчдын нэг гэгддэг Халид Шейх Мохаммедийн захидлыг нийтэд дэлгэсэн байна. "Майами Хералд" сонинд тэмдэглэснээр энэ захидал нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хаяглагдсан байжээ. Энд Вашингтоныг буруушаасан, олон жилийн өмнө энэ халдлагыг үйлдэх болсон шалтгаан зэргийг бичсэн байгаа юм байна. Мохаммед энэхүү захидлаа 2015 оны нэгдүгээр сард бичсэн юм байна.
Гэвч Гуантанамогийн удирдлага хаягласан эзэн рүү нь илгээхээс татгалзаж байжээ. Харин 2015 оны есдүгээр сард өмгөөлөгч нь Мохаммед улс орны зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хандах эрхтэй гэдэг үндэслэлээр гомдол гаргасан байна. Харин шүүхийнхэн түүнээс хойш жилийн дараа энэ захидлыг нь илгээх эсэх асуудлаар шийдвэр гаргасан нь Ерөнхийлөгч Обамаг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх бэлтгэлээ хангаж байхтай таарсан болохыг сонинд тайлбарласан байна.
"Майами Хералд" сониныхон шүүхийн шийдвэр гаргуулж байж Мохаммедын энэ захиаг гартаа оруулсан байна. 18 хуудас энэ захидлыг тус сониныхон бүрэн нийтлээгүй ч агуулгыг нь дурдсан байлаа. Тэрбээр Газын зурвас ахан дүүс, хүүхэд эмэгтэйчүүд амиа алдсанд Америкийн Ерөнхийлөгчийг буруутгаж дайрсан өнгө аястайгаар энэ захидлаа бичсэн байжээ. Мөн есдүгээр сарын 11-ний халдлага бол Иран, Иракаас авахуулаад Вьетнам, Хирошима зэрэг хилийн чинад дахь Америкийн цэргийн ажиллагааных нь хариу гэж бичсэн байна.
Мөн Америкчуудаас хэзээ ч уучлалт гуйхгүйгээ илэрхийлээд шүүх, шорон, цаазын ялнаас ч айхгүйгээ илэрхийлсэн байна. "Майами Херальд"-ийнхан Мохаммедийн захидлыг Пентагоны сайтад хэсэгчилж тавих гэж байгааг мөн мэдээлсэн юм.


















