Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Мэдээллийн алба

Өнгөрөгч аравдугаар сард гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр төлөвлөгөөт 4, төлөвлөгөөт бус 14, нийт 18 удаагийн хяналт шалгалт хийж, 198 аж ахуйн нэгж, байгууллагын 2,677 гадаадын иргэнийг хамрууллаа.
Зөрчил шалган шийдвэрлэлтийн хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу 186 гадаадын иргэн, 519 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийт 2,262 гадаадын иргэнд холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэж, торгох шийтгэл оногдууллаа. Зөрчилд холбогдсон нийт гадаадын иргэдийн 91.6 хувь нь уригч аж ахуйн нэгж, байгууллагаар зөрчил гаргасан байна.
Зөрчлийн төрлөөр авч үзвэл уригч нь гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил 46.2 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.9 хувийг тус тус эзэлж байна.
Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэлээр 9 улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна. Үүнд, БНХАУ 110, ОХУ 5, Узбекистан Улсын 4, Вьетнам болон Филиппин Улсын тус бүр 3, БНСУ, БНЭУ, Сири, Малави Улсын тус бүр 1 иргэн байна.


















