Төв аймагт математик, байгалийн ухааны “Эрдэмт ирээдүй” төрөлжсөн ахлах сургууль нээлтээ хийв
Мэдээллийн алба

2026–2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын хичээл өнөөдрөөс эхэлж байна. Энэ улирлаас улсын хэмжээнд шинээр 11 төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж байгаагийн нэг нь Төв аймгийн төвд байгуулагдсан математик, байгалийн ухааны чиглэлийн “Эрдэмт ирээдүй” төрөлжсөн ахлах сургууль юм.
640 хүүхдийн суудалтай тус сургууль нь бага, дунд, ахлах боловсролыг нэгтгэсэн цогцолбор хэлбэрээр байгуулагдаж буйгаараа онцлог. Ингэснээр суралцагчид боловсролын түвшин хоорондын залгамж холбоог хангасан орчинд суралцахын зэрэгцээ ахлах ангиасаа өөрийн сонирхол, авьяас, ирээдүйн мэргэжлийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах боломж бүрдэж байна.

Ахлах боловсролын тогтолцоог шинэчлэх хүрээнд төрөлжсөн ахлах сургуулиудыг гурван үндсэн чиглэлээр хөгжүүлж байна. Үүнд олон улсын хөтөлбөртэй, их, дээд сургуулийн харьяа болон сонгон судлах хичээлээр төрөлжсөн ахлах сургуулиуд багтаж байгаа юм.
Энэхүү тогтолцооны зорилго нь сурагч бүрд өөрийн сонирхол, авьяас, цаашид эзэмших мэргэжилтэйгээ уялдуулан хичээлээ сонгож, ахлах ангиасаа гүнзгийрүүлэн суралцах боломж олгох юм. Ингэснээр сурагчид их, дээд сургуульд элсэн суралцах академик бэлтгэлээ эртнээс хангаж, цаашлаад гадаадын их, дээд сургуулиудад 2+2, 3+1 зэрэг хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцах боломжийг нээж байгаа аж.
“Эрдэмт ирээдүй” сургуулийн хими, физик, байгалийн ухааны лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар ажиллаж байна. Лабораторийн орчин, тоног төхөөрөмжийн хүртээмжийг шийдвэрлэснээр сурагч бүр туршилт хийх, үзэгдэл, зүй тогтлыг бие даан судлах, онолын мэдлэгээ практикт хэрэглэх боломж бүрдэнэ.

Мөн 11, 12 дугаар ангийн сурагчдад зориулсан ухаалаг кабинет байгуулж, сургалтын орчныг шинэчилж байна. Гадаадын сургуулиас 30 орчим хүүхэд тус сургуульд зочлон үйл ажиллагаатай нь танилцсан нь олон улсын хамтын ажиллагаа, туршлага солилцох боломжийг нэмэгдүүлж буй юм.
Төв аймгийн 14 суманд англи хэлний сургалтын чанарыг сайжруулах зорилгоор Филиппин улсын 13 багш ажиллаж, сургуулийн үндсэн багш нартай хамтран хичээл зааж байна. Түүнчлэн 400 орчим хүүхдийг зуны сургалтад хамруулж, Кембрижийн хөтөлбөрт суурилсан англи хэлний тэнхим байгуулжээ. Эдгээр ажил нь сурагчдын гадаад хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэхэд чиглэж байна.
“Эрдэмт ирээдүй” сургуульд сурагчдын сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд дотуур байрны асуудлыг шийдвэрлэж, 200 автомашины зогсоол бүхий дэд бүтцийг байгуулжээ. Мөн хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд суралцах боломжтой, хүртээмжтэй орчныг бүрдүүлсэн байна.


















