Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Европ тивийн хамгийн залуу хот Санкт-Петербургийн суурийг өнөөдөр тавьж байв

Григорийн тооллоор 1703 оны тавдугаар сарын 27 энэ өдөр ОХУ-ын хамгийн үзэсгэлэнт хот гэгддэг Санкт-Петербургийн шавийг тавьж байжээ. Энэхүү хотын нэр "Гэгээн Петрийн хот" хэмээх утгатай бөгөөд Петр I хааны нэрээр нэрлэгдсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Европ тивийн хамгийн залуу хот Санкт-Петербургийн суурийг өнөөдөр тавьж байв
Европ тивийн хамгийн залуу хот Санкт-Петербургийн суурийг өнөөдөр тавьж байв. Зураг: МҮОНРТ

Григорийн тооллоор 1703 оны тавдугаар сарын 27 энэ өдөр ОХУ-ын хамгийн үзэсгэлэнт хот гэгддэг Санкт-Петербургийн шавийг тавьж байжээ. Энэхүү хотын нэр "Гэгээн Петрийн хот" хэмээх утгатай бөгөөд Петр I хааны нэрээр нэрлэгдсэн юм.

Тус хот Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш (1914–1924) Петроград гэж нэрлэгдэж байгаад, Владимир Ленинийг нас барахад түүний дурсгалд зориулж Ленинград (1924–1991) гэж нэрлэгдэх болжээ.

Санкт-Петербург нь Европ тивийн хамгийн залуу хот ба Европ тивийн хамгийн олон гүүр, далайн суваг, аралтай. Энд нийт 64 гол, 48 суваг, эрэг хавийн 170 км газар, 100-аад арал, 800 гүүр бий.

Мөн энэхүү хотыг хамгаалах зорилгоор Петропавловск цайзыг барьсан байна. Түүнчлэн тус хотоос ОХУ-ын 2 дахь Ерөнхийлөгч Владимир Путин төрж гарсан бол 2008 оны тавдугаар сард ОХУ-ын Үндсэн хуулийн шүүх тус хотод байрлах болсон юм.

Ном зохиолд төдийгүй олон нийтийн дунд Петербургийн цагаан шөнийн талаар маш гайхалтайгаар өгүүлдэг. Жил бүрийн зургааугаар сарын 11-нээс долоодугаар сарын 2-ныг хүртэл Санкт-Петербургийн цагаан шөнүүд үргэлжилдэг. Шөнийн турш үүрийн гэгээ шиг гэрэлтэн байдаг учраас “Цагаан шөнө” хэмээн нэрлэдэг ажээ. Өдөр, шөнө тэнцэх өдрийн өмнөх болон дараах 20-иод хоногт нар бүрэн жаргахгүй, тэнгэрийн хаяанд өнждөг байна. Санкт-Петербургт зургаадугаар сарын 21-нд өдөр үргэлжлэх хугацаа бараг 21 цаг болдог. Энд гурав хоногийн турш өдөр, шөнө хоёр тэнцэж, үүнээс хойш өдөр нь богиносож эхэлдэг аж. Эл гурван шөнө хамгийн “цагаан” болдог тул амраг хосууд болзож, аялагч жуулчлагчид зугаалж, Петербургийн гудамж, талбай алтанзул цэцгийн гал улаан туяа, өнгө өнгийн өмсгөл зүүсгэлээр гэрэлтэж ер бусын сонин содон үзэмжээр гийдэг.

Тиймээс уран бүтээлчид зохиол бүтээлдээ Ленинградын цагаан шөнийг магтан дуулахдаа бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, хайр сэтгэл, амраг хосын болзоо учралтай холбож дэврүүхэн дүрсэлсэн нь олонтаа тохиолддог. Достоевскийн “Цагаан шөнө” бичил роман, Гоголийн “Петербургийн туужис”, Орос, Японы хамтарсан бүтээл “Цагаан шөнө” кино зэргээс Петербургийн цагаан шөнө нүднээ дурайтал харагдаж сэтгэл хөвсөлзүүлдэг. Монголын их зохиолч Дашдоржийн Нацагдорж, түүний амраг бүсгүй Пагмадулам нарын хайр сэтгэл, Ленинградын оюутан байсан тэдний гэгээн он жилүүдийг дурсан санагалзаж Монголын уянгын зохиолын мастер Сэнгийн Эрдэнэ “Цагаан шөнө” (1966) өгүүллэгээ бичсэн гэдэг.

Цагаан шөнийг үзэхээр ирдэг дотоод, гадаадын мянга мянган жуулчин энэ үеэр Их Оросын соёл урлагтай танилцаж, “Цагаан шөнө”-ийн үеэр зохиогддог олон төрлийн арга хэмжээ, наадам, фестивальд оролцож алжаал ядралаа тайлдаг байна.

Байгалийн энэ гайхалтай үзэгдэл зөвхөн Санкт-Петербургт л болдог биш ээ. Туйлын бүсэд оршдог бусад хотод ч их, бага хэмжээгээр үзэгддэг. Орос улсын Самара, Псков и Сыктывкар, Казань, Архангельск Череповец, Вологда, Березники, Магадан, Серов, Соликамск, Краснотурьинск, Североуральск, Выборг, Нижневартовск, Ханты-Мансийск, Киров хотууд, мөн Финлянд, Исланд, Гренланд, Антарктид, Швеци, Норвеги, Канадын нутагт ч “Цагаан шөнө” болдог юм байна. Тэдгээр нутагт цагаан шөнө тавдугаар сарын 25-26-наас эхэлдэг ажээ.

Хуваалцах