Европын Холбоо Монгол Улсыг “хар жагсаалт”-аас хасахаар төлөвлөж байна
Европын Холбоо татвараас зайлсхийгчдэд ээлтэй орнуудын хар жагсаалтаасаа 8 орныг хасахаар төлөвлөж байгаа тухай "Ройтерс" мэдээллээ. Санхүүгийн ил тод байдлыг хангахад
Мэдээллийн алба

Европын Холбоо татвараас зайлсхийгчдэд ээлтэй орнуудын хар жагсаалтаасаа 8 орныг хасахаар төлөвлөж байгаа тухай "Ройтерс" мэдээллээ. Санхүүгийн ил тод байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээнүүдийг авдаггүй, татварын гэмт хэрэгтэй хангалттай тэмцдэггүй орнуудыг багтаасан хар жагсаалтаас Панам, Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмирт улс, Барбадос, Гренад, Макао, Тунис болон манай улсын нэрийг хасахаар төлөвлөж байгаа юм байна.
Дээрх 8 орны эрх баригчид татварын хууль дүрэмдээ өөрчлөлт оруулж, Европын Холбооны зүгээс тавьдаг шаардлагуудыг биелүүлэх баталгаа гаргаж өгсөн учир Европын Холбооны гүйцэтгэх байгууллагууд хар жагсаалтаас нэрийг нь хасах санал тавьсан байна. Ройтерсийн эх сурвалжийн мэдээлснээр энэ санаачлалыг өнөөдөр болох Европын Холбооны гишүүн орнуудын байнгын төлөөлөгчдийнтүвшний уулзалтаар хэлэлцэх юм байна. Харин эцсийн шийдвэрийг ирэх 7 хоногт Брюссельд болох Европын Холбооны гишүүн орнуудын сангийн сайд нарын уулзалтаас гаргах юм.
Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нар татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох зорилгоор татварын диваажин болоод байгаа 17 улс орон болон засаг захиргааны тусгай бүсийг оруулсан хар жагсаалтыг өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан юм. Харжагсаалтад багтсан улс орон нь Европын Холбооны санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болдог. Өөрөөр хэлбэл хар жагсаалтад орсноор тус холбооны зүгээс ямар нэгэн санхүүжилт, хөрөнгө оруулалт авах боломжгүй болдог байна. Харин энэ хар жагсаалтаас гарахын тулд татварын орчноо шинэчлэх шаардлагыг Европын Холбооны зүгээс тавьж байсан. Европын Холбоо мөн санхүү, татварын ил тод байдал сул гэж тодорхойлон саарал жагсаалт гэгчийг гаргасан. Саарал жагсаалтад Турк Швейцарь, Лихтенштейн, Серб, Албани зэрэг 47 улсын оруулсан юм. Манай улсын хувьд Европын Холбооны хар жагсаалтад багтаад байсан ч ийнхүү удахгүй энэ жагсаалтаас хасагдах магадлалтай байна.


















