Европын холбоог “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлсон гэв
УИХ-ын дарга З. Энхболд өнөөдөр Европын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З. Энхболд өнөөдөр Европын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд манай Гадаад бодлогын үзэл баримтлалд Европын Холбоог “гуравдагч хөрш” гэж тодорхойлсон хэмээн онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шилжилтийн явцыг Европын Холбоо болон түүний гишүүн орнууд тууштай дэмжиж, туршлагаасаа хуваалцаж, туслалцаа үзүүлэн манай улстай хөгжлийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
Европын Парламентын төлөөлөгчид УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Монгол Улсын эдийн засаг, улс төр болон хөгжлийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, харилцан ярилцав.
УИХ-ын дарга, Монгол Улс шат шатандаа авлигатай тэмцэх асуудалд анхаарал хандуулж ажиллаж байгаа бөгөөд Авлигтай тэмцэх газар хэмээх бие даасан байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Мөн 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийн зарим зүйл заалтыг танилцууллаа.


















