Европын улсууд Ирантай худалдаа арилжаа хийх тусгай тогтолцоотой боллоо
Энэ тогтолцоо нь гурван улсыг Ирантай хууль ёсоор худалдаа хийх боломжийг бүрдүүлж байна.
Мэдээллийн алба

Европын улсууд Ирантай худалдаа арилжаа хийх тусгай тогтолцоотой боллоо. Тегераны эсрэг тавьсан АНУ-ын хоригийн хүрээнд Герман, Франц, Британи гэсэн гурван улс Ирантай худалдаа арилжаа хийх шинэ тогтолцоотой боллоо. Энэ тогтолцоо нь гурван улсыг Ирантай хууль ёсоор худалдаа хийх боломжийг бүрдүүлж байна.
Парис хотод төвтэй энэ систем буюу байгууллагын нэрийг "Интекс" гэдэг. Эхний ээлжинд энэ нь Герман, Франц, Британийн компаниудын Ирантай хийх худалдааг хялбарчилж байгаа бол алсдаа улам өргөжинө гэж албаны мэдэгдэлд дурдсан байна. Мөн эхний ээлжинд хоол хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай салбаруудад төвлөрөх юм байна.
Гэхдээ сүлжээг ажиллагаанд оруулж, компанийн үйл ажиллагааг тодорхойлох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай байгаа юм. Хэдийгээр үйл ажиллагаа нь эхлээгүй ч худалдааны тусгай тогтолцоотой болсноороо гурван улсын компаниуд АНУ-ын талаас тавьсан хоригийг зөрчихгүйгээр Ирантай хамтран ажиллах боломжтой болж байна.


















