ЭЗБХ: Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.06) хуралдаан 10 цаг 39 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай,
Мэдээллийн алба

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.06) хуралдаан 10 цаг 39 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцууллаа.
Эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг ирэх онд Ирэх онд Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг онцлов. Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш, шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын бодлогын арга хэмжээг 2020 онд хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх бөгөөд хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нь Засгийн газар хэрэгжүүлэх бодлогын чухал хэсэг байх болно гэдгийг Сангийн сайд дурдав. Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцжээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Л.Болд, Б.Ундармаа, Д.Эрдэнэбат, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Ц.Гарамжав, Д.Тэрбишдагва, Ж.Ганбаатар нар асуулт асууж Сангийн сайд болон ажлы хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авлаа.
Зарим аймаг дахь авто замын бүтээн байгуулалтын талаарх Аялал жуулчлалын бүс нутгийн авто замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэхээс урьд маршрутыг бодлогын түвшинд нарийн тодорхойлох шаардлагын талаар Сангийн сайд тайлбар хийв. Улаанбаатар-Дархан-Уул аймаг хоорондын авто замын бүтээн байгуулалтын явцын талаар гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулт өгсөн. Дээрх чиглэлийн замын бүтээн байгуулалтыг хийх тендерт БНХАУ-ын 5 компани шалгарсан бөгөөд нийт гүйцэтгэл нь 31.7 хувьтай байгаа гэв. I багц 57.2 хувь, II багц 8 хувь, III багц 37, IV багц 6 хувь, V багц 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үндсэн замын хөдөлгөөний нээсэн гэлээ. Эдгээр компанитай байгуулсан гэрээгээр 2020 оны 06 дугаар сарын сүүлийн хагаст Улаанбаатар-Дархан-Уул аймаг хоорондын авто замын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахаар тусгасан байна.
Төсвийн орлогын талаарх асуултад Сангийн сайд хариулахдаа “Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлтээс үүдэн төсвийн орлого 1.3 их наяд төгрөгөөр тасрах нөхцөл үүсээд байна. Бусдаар ирэх оны төсвийн төсөл дэх орлогыг биелүүлэх боломжтой” гэлээ. Төсвийн хөрөнгө оруулалтын төсөлд тусгайлан дүн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын гишүүн Л.Болд хэлж байв.
Үргэлжлүүлэн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.


















