Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжгийн нээлттэй сонгон шалгаруулалт боллоо
Улаанбаатар дахь Русский Дом буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн дэргэд театр байгуулагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. “Орфей” нэртэй тус театр нээлтээ Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийхээр төлөвлөсөн ю
Мэдээллийн алба

Улаанбаатар дахь Русский Дом буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн дэргэд театр байгуулагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. “Орфей” нэртэй тус театр нээлтээ Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийхээр төлөвлөсөн юм. Түүнчлэн Монголын театрын тайзнаа Ф.М.Достоевскийн бүтээл анх удаа “амилах”-даа сэтгэлзүйн, уран зөгнөлт төрлөөр үзэгчдэд хүрэх бөгөөд ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн М.Батболд найруулах гэж байна.
Үүнээс гадна тус жүжгийн эрэгтэй болон эмэгтэй гол дүр, хоёр эрэгтэй туслах дүр, нэг эмэгтэй дүрийн нээлттэй сонгон шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд дүн нь наймдугаар сарын 1-нд гарах аж.
Сонирхуулахад, Ф.М.Достоевский 1811 онд Оросын Санкт-Петербург хотод төрсөн бөгөөд 60 наслахдаа “Гэм зэм”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа”, “Крамазовын хөвүүд” зэрэг романаараа утга зохиолд шимтэгчдийн дунд нэрд гарсан юм. Түүний бүтээлүүдээс сэдэвлэсэн тайз, дэлгэцийн олон бүтээлийг дэлхийн даяар туурвисаар буй. Харин Монголын үзэгчдэд 2010 онд найруулагч Александр Зархийн “Достоевскийн амьдралын 26 өдөр” намтарчилсан уран сайхны киног “Монгол кино” үйлдвэрийн дуу оруулгатайгаар “Боловсрол суваг” телевиз, 2019 онд найруулагч Владимир Хотиненкогийн “Достоевский” найман ангит цуврал киног МҮОНТ-ийн уран бүтээлчид орчуулж, дуу оруулан толилуулж байсан юм.


















