Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Физикийн олимпиадын шилдэгүүд тодорлоо

Монголын Физикийн олимпиадын Улсын хороо, Нийслэлийн боловсролын газар, Хо Ши Миний нэрэмжит, Улсын тэргүүний 14 дунд сургууль, “Үүрэг трейд” компаниас зохион байгуулдаг Монгол Улсын гавьяат багш Б.Оргойн нэрэмжит Нийслэлийн физикийн олимпиадын дүн гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Физикийн олимпиадын шилдэгүүд тодорлоо
Физикийн олимпиадын шилдэгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын Физикийн олимпиадын Улсын хороо, Нийслэлийн боловсролын газар, Хо Ши Миний нэрэмжит, Улсын тэргүүний 14 дунд сургууль, “Үүрэг трейд” компаниас зохион байгуулдаг Монгол Улсын гавьяат багш Б.Оргойн нэрэмжит Нийслэлийн физикийн олимпиадын дүн гарлаа. 35 дахь жилдээ зохиогдож буй тус олимпиадад Нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож долоодугаар ангийнхныг Нэгдүгээр дунд сургуулийн О.Эрхжин, наймдугаар ангийг Сант сургуулийн А.Дөлгөөн, есдүгээр ангийг Нэгдүгээр дунд сургуулийн Б.Төрхүү, 10 ангийг Сант сургуулийн Б.Хосгэрэл, шилжилтийн 11 ангийг 11 сургуулийн Ж.Төгөлдөр, 11 ангийг Нэгдүгээр дунд сургуулийн Б.Бат-Амгалан, Орчлон сургуулийн 12 ангийн сурагч Д.Буммэнд нар тэргүүлж алтан медаль хүртлээ. Багийн дүнгээр Сант сургууль тэргүүлж алтан медаль хүртсэн бол Нэгдүгээр дунд сургууль, Орчлон сургууль удаах байрыг эзэлсэн байна.

Монгол Улсын Гавьяат багш Б.Оргой нь физикийн гүнзгийрүүлсэн сургалтыг 1973 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулж, монголын физикчдийг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Түүний шавь нар дотроос физикч эрдэмтэд олноор төрж, анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Сү.Батболд, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, Монгол банкны Ерөнхийлөгч Ц.Үнэнбат нарт багшилж байсан аж. Тус олимпиад физикч Б.Оргойн нэрэмжит болсоноос хойш 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ арга хэмжээг түүний төрсөн хүү “Үүрэг трейд” компанийн захирал О.Баяр ивээн тэтгэдэг юм. Зохион байгуулагчид шагналын санг хоёр жилийн өмнөөс нэмсэн нь физикийн хичээлд сонирхолтой олон хүүхдийг хамруулж чаддаг болжээ. Энэ удаагийн олимпиадын түрүүг хүртсэн сурагчид өнөөдрөөс улс болон Азийн физикийн олимпиадад бэлтгэж эхлэх гэнэ. Олон улсын олимпиадаас манайхан жил бүр хүрэл, мөнгөн медальтай ирдэг юм байна. Харин энэ удаа медалийнхаа өнгийг алт болгон хувиргах зорилго тавьж байгаа аж. Тив дэлхийн олимпиадад тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд өдгөө Япон болон АНУ-ын их дээд сургуулиудад амжилттай суралцаж байгаа юм. Энэ үеэр олимпиадад оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

Монголын Физикийн олимпиадын Улсын хорооны Ерөнхийлөгч, гавьяат багш Н.Алтангэрэл: Манай хүүхдүүдэд авъяас бий

-“Улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг физикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд улс орнууд төрийн бодлогоор дэмждэг болсон. Нано технологийн эрин гэж яригдаж буй энэ цагт физикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх нь зөвхөн физик сонирхогчдын асуудал биш болоод байгаа. Энэ бол хүн төрөлхтөн, улс орнуудын хөгжих дэвших замыг тодорхойлж байгаа шинжлэх ухаан. Манай хүүхдүүдэд авъяас чадвар байдаг. Гол нь олимпиадын хүрээг тэлж, хөдөө орон нутгийн илүү олон сургуулийг хамруулдаг болох нь чухал байна. Орон нутгийн хүүхдүүд олимпиадад оролцохын тулд нийслэлд ирэх болдог. Гэтэл зарим авъяаслаг хүүхдүүд замын зардалгүй хоцрох нь нэг биш удаа тохиолдож байгаа. Энэ бол харамсалтай хэрэг. Тиймээс БСШУЯ болон бизнесмэнүүд дэмжлэг үзүүлдэг байвал зүгээр байна.

Сант сургуулийн 8 ангийн сурагч А.Дөлгөөн: Олимпиадад оролцсоноор тэтгэлэгтэй суралцах боломж нээгддэг

-Би долдугаар ангиасаа эхэлж физикийн олимпиадад орж эхэлсэн. Өмнөх жил Монгол Улсын гавьяат багш Б.Оргойн нэрэмжит Нийслэлийн физикийн олимпиадаас хүрэл медаль авсан. Энэ жил дүүргийн олимпиадад түрүүлж, Нийслэлийн олимпиадад оролцох эрх авч өрсөлдөөд дахиад алтан медаль хүртлээ. Амьдрал дээр байдаг бодит зүйлийг судалдагаараа физикийн хичээл бусдаас ялгардаг. Энэ нь надад таалагддаг. Б.Оргой багшийн нэрэмжит олимпиадад оролцсоноор есдүгээр ангийнханд улсын олимпиадад оролцох эрх нээгддэг. Цаашлаад гадаад, дотооддын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж бүрддэг. Тийм учраас ирэх жил дахиад өрсөлдөнө гэж бодож байгаа.

Хуваалцах