"Ford"-ийн ашиг буурчээ
Ашгийн хэмжээ огцом буурахад шинэ F-150 загварын хагас ачааны автомашиныг үйлдвэрлэхэд гаргасан зардал голлон нөлөөлсөн гэж "Ford" компани мэдээллээ.
Мэдээллийн алба

Ашгийн хэмжээ огцом буурахад шинэ F-150 загварын хагас ачааны автомашиныг үйлдвэрлэхэд гаргасан зардал голлон нөлөөлсөн гэж "Ford" компани мэдээллээ. "Ford"-ийн цэвэр ашиг энэ оны гуравдугаар улиралд $835 сая болж, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар буурсан бол орлого нь бага зэрэг өсч, $35.8 тэрбум болсон байна. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч шинэ бүтээгдэхүүнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний зэрэгцээ F-150 загварыг үйлдвэрлэхийн тулд Мичиганы Дирборн хот дахь үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг солихоор тус үйлдвэрийг таван долоо хоногийн турш хаажээ. BBC-ийн мэдээлснээр тус автомашиныг энэ оны сүүлчээр худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.
Хэдийгээр гуравдугаар улиралд ашиг буурсан ч ирэх оноос ашгийн хэмжээг нэмэгдүүлэх шинэ бүтээгдэхүүн, технологид энэ жил хангалттай хөрөнгө оруулсан гэж "Ford"-ийн захирал Марк Филдс мэдэгджээ. Энэ оны эхний есөн сард тус компани $3.1 тэрбумын ашиг олсон бол ирэх жил үүнээс хавьгүй өндөр буюу $8.5-$9.5 тэрбумын ашигтай ажиллана гэж тооцоод байгаа юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/


















