Франц, Герман улс дүрвэгчдийн асуудлаар шинэ санал дэвшүүлнэ
Франц болон Герман улс ирэх 9 дүгээр сарын 20-нд Зальцбург хотноо болох Европын холбооны гишүүн орны удирдагчдын албан бус уулзалтаар Европт нүүрлэсэн дүрвэгчдийн хямралыг зохицуулахад
Мэдээллийн алба

Франц болон Герман улс ирэх 9 дүгээр сарын 20-нд Зальцбург хотноо болох Европын холбооны гишүүн орны удирдагчдын албан бус уулзалтаар Европт нүүрлэсэн дүрвэгчдийн хямралыг зохицуулахад чиглэсэн шинэ санал санаачилга дэвшүүлэхээр зэхэж байна. Францын гадаад хэргийн сайд Жан-ИвлеДриан Парис хотод хилийн чанадад сууж байгаа Францын элчин сайдуудтай уулзахдаа энэ тухай мэдэгдлээ.
Тэрээр, “Бид германы нөхдүүдтэй хамт дүрвэгчдийн хямралыг шийдэхэд чиглэсэн хамтарсан санал санаачилга боловсруулж байгаа, бид ирэх сарын 20-нд Зальцбург хотноо болох европын холбооны дээд хэмжээний уулзалтаас өмнө Франц-Германы нэгдмэл байр суурийг бэлэн болгохоор ажиллаж байна” гэжээ. Францын сайд, "Берлин урьдын адил Европын холбоо доторх Франц улсын гол түнш, иймээс бид аливаа асуудалд өөрийн түнштэйгээ хамтран ажиллах болно, тэгээд ч Франц-Германы хамтын ажиллагаа нь Европын холбооны хөгжлийн гол зүтгүүр гэдгийг бид мэдэж байгаа" хэмээн онцолсон байна.
Европын холбооны гишүүн орны төр, засгийн тэргүүн нарын албан бус уулзалт ирэх сарын 20-нд Австрийн Зальцбург хотноо болно. Уулзалтаар хэлэлцэх гол сэдэв европт нүүрлэсэн цагаач, дүрвэгчдийн хямрал. Тэгэх зуур Европ тивд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Унгарын ерөнхий сайд Виктор Орбан хоёрын хооронд багагүй зөрчилдөөн бий болоод байна. Виктор Орбан Италийн гадаад хэргийн сайд МаттеоСальванийн хамт цагаач, дүрвэгчдийн асуудалд хатуу байр суурь баримталж, Африк, Азиас ирж байгаа дүрвэгчдийн урсгалыг даруй зогсоохыг шаардаж байгаа.
Францын ерөнхийлөгчийн үзэж байгаагаар, европын холбоо дотор үндсэрхэг үзэлтнүүд болон ардчилсан үзэлтэн хооронд маш хурц зөрчил бий болжээ. Ингэхдээ Макрон хэзээ ч үндсэрхэг үзэлтнүүдэд бууж өгөхгүй гэж мэдэгдэж байгаа юм. Тэгвэл Орбан сая Италид хийсэн айлчлалынхаа үеэр, "Одоогийн байдлаар Европ тив цагаачлалын асуудалд хоёр хуваагдсан. Нэг талыг нь Макрон тэргүүлж байна. Тэд дүрвэгчдийн асуудлыг дэмжиж байгаа бол нөгөө тал нь хууль бус цагаачлалыг зогсоохын төлөө улс орнууд байна. Үүнд Унгар, Итали улс багтаж байгаа" хэмээн цохон тэмдэглэсэн юм.


















