Франц: Их Британиас ирэх зорчигчдод хязгаарлалт тавина
Францын засгийн газар коронавирусний Омикрон хувилбарын тархац өндөр байгаа Их Британиас ирэх зорчигчдод хатуу хязгаарлалт тавихаар болжээ.
Мэдээллийн алба

Францын засгийн газар коронавирусний Омикрон хувилбарын тархац өндөр байгаа Их Британиас ирэх зорчигчдод хатуу хязгаарлалт тавихаар болжээ.
Тодруулбал, Францын засгийн газар Их Британиас бизнес болон аялал жуулчлалын зорилгоор ирэх зорчигчдыг нэвтрүүлэхийг хориглох болсноо мэдэгдлээ. Гэхдээ энэ нь Францын иргэд болон Францаар дамжин эх орондоо буцаж байгаа европын бусад орны иргэдэд хамаарахгүй юм. Шинэ дүрмийн дагуу Их Британиас ирсэн бүх хүмүүс вакцинжуулалтын статусаас үл хамааран 24 цагийн өмнө өгсөн шинжилгээний хариуг шаардах аж.
Мөн Францад нэвтэрсний дараа долоо хоногийн турш өөрийн зардлаа даан тусгаарлах шаардлагатай боловч тус улсад ирсний дараа өгсөн шинжилгээ нь сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах хугацааг 48 цаг хүртэл бууруулах юм байна.
Сүлжээний дэлгүүрүүдийн нийлүүлэлтэд саад учруулахгүйн тулд ачааны машины жолооч нар эдгээр шаардлагаас чөлөөлөгдөнө. Өнгөрсөн оны 12 дугаар сард Франц улс коронавирусний өөр нэг хувилбар тархсаны улмаас нэвтрэхийг хязгаарлаж байсан.
Энэ үед ачааны машинууд Довер хоолойн Британийн талд урт цуваа үүсгэж байсан юм.


















