Франц улсын БХЯ-ны төлөөлөгчидтэй уулзлаа
Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн захирал, Бригадын генерал Паскаль Оссер, Монгол Улсад Франц улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэлунэ болон бусад төлөөлөгчийг Төрийн ордноо хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар Бүгд Найрамдах Франц улсын Батлан хамгаалах яамны Зэвсэглэлийн ерөнхий газрын Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн захирал, Бригадын генерал Паскаль Оссер, Монгол Улсад Франц улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэлунэ болон бусад төлөөлөгчийг Төрийн ордноо хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Паскаль Оссер Франц-Монгол хоёр улс жил бүр офицеруудыг харилцан туршлага судлуулахаар солилцон айлчлуулдаг тухай дуулгаад, хоёр жилийн өмнөөс Батлан хамгаалах яамны Зэвсэглэлийн ерөнхий газрын Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн захирлаар ажиллаж байна гэв. Мөн зэр зэвсгийн үйлдвэрлэлд жилд 20 гаруй тэрбум долларыг зарцуулж байгааг тэрээр дурдаад энэ мөнгийг тэнгисийн зэвсэглэл, хөлөг онгоц, нисдэг тэрэг, сансрын техник зэрэгт зарцуулж байгааг танилцууллаа. Түүнчлэн Франц Улс нь Европийн холбооны улсууд дундаа зэр зэвсэглэлийн үйлдвэрлэлээр бие даан үйл ажиллагаа явуулж байгаа ганц улс гэдгийг онцлон тэмдэглээд Монгол Улс энэ чиглэлээр Франц улстай хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдэгт найдаж байна гэлээ.
Ц.Оюунбаатар Монгол- Франц хоёр улсын хоорондын харилцаа олон зуун жилийн түүхтэйг хэлээд, ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг дуулгалаа. Тэрээр Монгол Улсын Батлах хамгаалах зэвсэглэлийн үйл ажиллагаанд ОХУ-ын зэвсгийг ашиглаж ирсэн. Цаашид илүү орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, Монгол Улсын хилийн цэргийг хөгжүүлэх шаардлагатай байгааг чухалчлаад, энэ үйл хэрэгт найдвартай хамтрагч улс орон хэрэгтэй байгааг онцлолоо. Мөн түүнчлэн Монгол Улсын Батлан хамгаалах яам 10 жилийн хугацаатай зэвсэг техникээ шинэчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр ирэх жил дуусч, дараагийн 10-15 жилийн дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж байгаа гэлээ.
Бүгд Найрамдах Франц улсын Батлан хамгаалах яамны Зэвсэглэлийн ерөнхий газрын Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн захирал, Бригадын генерал Паскаль Оссер, Монгол Улсад Франц улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Дэлунэ болон бусад төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.


















