Францад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 227 хүн бэртэж, гэмтжээ
Францад өчигдөр бензин шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэгчдийн өргөн хүрээтэй жагсаал цуглаан болсон байна.
Мэдээллийн алба

Францад өчигдөр бензин шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэгчдийн өргөн хүрээтэй жагсаал цуглаан болсон байна. Гэвч тайван эхэлсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр удалгүй мөргөлдөөн гарч 227 хүн гэмтэж бэртсэнийг тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэлүүд дамжуулж байна.
Хууль сахиулагчид жагсагчдаас 117 хүнийг баривчилсны 75-ыг нь түр саатуулсан байна. Жагсаалын үеэр гарсан мөргөлдөөний уршгаар цагдаагийн олон арван ажилтан гэмтэж шархадсан байна.

Харин өчигдөр жагсагчид зам хааснаас болж нэг хүн амь насаа алдсан байна. Францын зүүн өмнөд нутагт жагсаалаас болж зам хаасанд сандарсан эмэгтэй явган хүмүүс рүү машинаа эргүүлснээс болж нэг хүнийг дайрч аминд нь хүрсэн байна. Өчигдөр бүх улс орон даяар бензин шатахууны үнийг эсэргүүцэгчид жагсаж бүх замуудыг хаасан байсан юм.
Жагсагчид шар хантаазаар ижилссэн байжээ. Нийт улс орон даяар энэ жагсаалд 283 мянган шар хантаазтан оролцсон мэдээтэй байна. Авто машин эзэмшигчид шатахууны үнэ нэмэгдэхэд хүргэж байгаа экологийн гэх татвар нэмэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байлаа. Энэ он гарснаас хойш тус улсад бензиний үнэ 15 хувиар, харин дизель түлшний үнэ 23 хувиар өсөөд буй юм байна.

Дизель түлшний үнэ сүүлийн жилүүдэд анх удаагаа бензиний үнээс өсөөд байгаа нь энэ юм байна. Гэхдээ Францын Засгийн газар экологийн татварыг хүчингүй болгохгүй гэдгээ баталж байна. Харин үүний оронд байгаль экологит ээлтэй авто машин худалдаж авбал татаас олгож, татварын хөнгөлөлт үзүүлэхээ амлаж байна.
Францын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, хорт хийн хаягдлыг багасгах өргөн хүрээтэй хөтөлбөрийнхөө дагуу эко татварыг нэмэхээр шийдвэрлэж байгаа юм.


















