Г.Буяндоржийн гэрийг битүүмжилжээ
"Ноёд” группийн захирал, МУГЖ Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийг Нийслэлийн прокурорын газраас мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан буюу ор сураггүй алга болсон хэмээнорон даяар эрэн сурвалжилж эхэлсэн.
Мэдээллийн алба

"Ноёд” группийн захирал, МУГЖ Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийг Нийслэлийн прокурорын газраас мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан буюу ор сураггүй алга болсон хэмээн орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн.
Тэрбээр энэ асуудалтай холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ гэсэн боловч өнөөдөр хийсэнгүй. Харин ШШГЕГ-аас Г.Буяндоржийн “Sky Tower” хороолол дахь гэрийг нь битүүмжилжээ. Мөн түүний нэр дээр зарлан дуудах хуудсыг хаяглан, гэрийнх нь хаалган дээр наасан байна.Одоогоор Г.Буяндорж болоод түүний эхнэр Т.Ариунаа нар хаана байгаа нь тодорхойгүй байгаа гэнэ.
Тодруулбал, Г.Буяндорж, "Ноёд" группийн санхүүгийн албаны дарга Д.Мөнхзул, нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нарыг албан тушаал эрх мэдлээ ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамч акц оруулж ирсэн, архи, шар айрагны онцгой татварын тайланд тусгалгүйгээр онц их хэмжээний буюу 277 сая 158 мянган төгрөгийн татвараас зайлсхийсэн, Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн албаны мөрдөн байцаагч Д.Бямбадорж, Д.Саруул нарт арван сая төгрөгийн хахууль өгсөн зэрэг хэрэгт холбогдуулан шалгасан юм. Ингээд 2008 онд Г.Буяндорж, Ш.Ергали, П.Энхцэцэг, Г.Гантулга нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж, Г.Буяндорж нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.
Харин "Ноёд" группээс 18 мянган ширхэг хуурамч акц илрүүлсэн ч буцаан өгч, үүнийхээ хөлсөнд 10 сая төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогдсон мөрдөн байцаагч Д.Саруул, Д.Бямбадорж нарт тус бүрт нь таван жил 10 хоногийн хорих ял оноож, хоёулангаас нь таван сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэж байсан юм.
Чухам яг ямар хэргээр Г.Буяндорж болон түүний хамсаатныг хууль хяналтынхан ийнхүү шалгаж, орон гэрийг нь битүүмжилсэн болох нь тодорхой болоогүй байна.


















