Г.Сод-Эрдэнэ жин өгсүүлж, -73 кг-д өнөөдөр зодоглоно
Энэ тэмцээнд манай улсаас 19 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцох бөгөөд өчигдөр тэмцээний техникийн хурал, сугалааны үйл ажиллагаа болов.
Мэдээллийн алба

Португалийн Альмэйда хотноо зохион байгуулагдах жүдо бөхийн 2022 оны анхны дэлхийн цуврал өнөөдөр Гран При ангилалаар эхлэх гэж байна.
Португалд анх удаагаа зохион байгуулагдах энэхүү тэмцээнд 41 орны эрэгтэй 179, эмэгтэй, 122 нийт 301 жүдоч хуран чуулна.
Тэмцээн Улаанбаатарын цагаар 18:00 цагаас эхлэх бөгөөд шөнийн 01:00 цагт медалийн төлөөх барилдаанууд явагдана.
Энэ тэмцээнд манай улсаас 19 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцох бөгөөд өчигдөр тэмцээний техникийн хурал, сугалааны үйл ажиллагаа болов.
Уламжлал ёсоор тэмцээн хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх бөгөөд өнөөдөр эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн аваргууд тодорно.
Манай улсаас эмэгтэй -48 кг-д Хөвсгөл аймгийн тамирчин залуу мастер Бавуудоржийн Баасанхүү барилдах байсан ч Туркийн Истанбулд орсон их хэмжээний цасны улмаас нислэг нь хойшилж, тэмцээнд оройлцох боломжгүй болжээ.
Харин -66 кг-ын 2021 оны шинэхэн улсын аварга Гүнжинлхамын Сод-Эрдэнийг дээрх шалтгааны улмаас жин өгсүүлж, -73 кг-д зодоглуулахаар болжээ.


















