Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Цэцэнбаатар: Малын эмчээр суралцах оюутнуудын төлбөрийг 100 хувь хөнгөлж, сар бүр тэтгэлэг олгоно

Тэтгэлэг гэхээр хүмүүс заавал хичээл сурлагаараа тэргүүлсэн, эсвэл ямар нэг талаараа амжилт гаргасан байх ёстой гэж ойлгодог. Бид ийм хүнд шаардлага тавихгүй. Зөвхөн сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхдийг авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Г.Цэцэнбаатар: Малын эмчээр суралцах оюутнуудын төлбөрийг 100 хувь хөнгөлж, сар бүр тэтгэлэг олгоно
Г.Цэцэнбаатар: Малын эмчээр суралцах оюутнуудын төлбөрийг 100 хувь хөнгөлж, сар бүр тэтгэлэг олгоно. Зураг: МҮОНРТ

ӨМӨЗО-ны “Шилийн гол” ажил мэргэжлийн дээд сургуулийн гадаад харилцаанны албаны гадаад оюутны салбарын эрхлэгч Г.Цэцэнбаатартай уулзаж, Монгол хүүхдүүдийг тэтгэлгээр суралцуулах болсон талаар ярилцлаа.

-Өвөрмонголын “Шилийн гол” ажил мэргэжлийн дээд сургуульд Монгол оюутнуудыг тэтгэлгээр суралцуулах болсон. Ямар, ямар мэргэжлээр сургах вэ?

-Манай сургууль 2015 оны 9 дүгээр сарын 1-ний хичээлийн жилээс эхлэн Монголоос элсэлт авах гэж байна. Хятад хэлний орчуулагч, хэлний бэлтгэл, малын эмч, уламжлалт анагаах ухааны эмч, хөлбөмбөгийн тамирчин, дасгалжуулагч гэсэн мэргэжлээр сургана. Суралцах оюутнуудын мэргэжлээс хамаарч сургалтын төлбөрийн хөнгөлөлт өөр байгаа. Одоо малын эмчийн мэргэжил эзэмших суралцагчдын тоо гүйцээгүй учраас цөөхөн оюутан элсүүлэхээр Монголд ирсэн.

-Тэтгэлэгт хөтөлбөр гэхээр сурлагаараа тэргүүлсэн, амжилттай яваа хүүхэд л хамрагдах боломжтой гэж ойлгодог. Та бүхний санал болгож буй дээрх мэргэжлүүдээр суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх хэрэгтэй вэ?

-Тэтгэлэг гэхээр хүмүүс заавал хичээл сурлагаараа тэргүүлсэн, эсвэл ямар нэг талаараа амжилт гаргасан байх ёстой гэж ойлгодог. Бид ийм хүнд шаардлага тавихгүй. Зөвхөн сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхдийг авна.

Малын эмчийн дээд мэргэжлээр 30 хүн элсүүлнэ. Дээд мэргэжлийн гэдэг нь Монголд бол 4 жилийн баклавартай, дипломтой мэргэжлийг хэлдэг. Манай дээд мэргэжил нь коллежээс арай дээр, их сургуулийн баклавраас арай доор. Яагаад Шилийн голын ажил мэргэжлийн их сургууль гэж хэлдэггүй, дээд сургууль гэж хэлдгийн учир ийм. Гэвч манайд баклавартай сургууль цөөн байна. Дээд сургууль нь олон. Манайд ирж байгаа хүүхдүүд диплом, баклавартай юу гэж асуудаг. Манайх дипломтой ч баклаваргүй. Тэгэхээр баклавраар яаж суралцах вэ гэж асуудаг. Монголын ХААИС юм уу, Өвөрмонголын ХААИС-д ижил мэргэжлээр давшин суралцаж болно. Хоёр жил суралцаж баклаврын зэрэгтэй болох боломжтой. Гэвч бидний зорилго бол баклаврын зэрэгтэй нуруугаа үүрсэн, ажилгүй, том эрдэмтэн гаргахдаа биш хөдөө, малын хажууд, малчны дэргэд байх малын эмч бэлтгэхийг зорьж байна.

Бид Монгол Улсад судалгаа хийсэн. Дөрвөн жилийн өмнө сум бүрт малын эмч явуулсан ч одоо дахиж хөдөө явах малын эмч ховор байна. ХААИС-ийн малын эмч мэргэжлээр жил бүр 200 гаруй малын эмч бэлтгэгддэг боловч яг мал дээр очиж малын эмч болох хүн цөөн. Эндээ эрдэмтэн болоод Улаанбаатар хотдоо эргэлдээд байж байна. Тиймээс бидний зорилго бол хөдөө ажиллах малын эмчийг бэлтгэх.

-Малын эмчээр суралцах хүүхдүүдэд ямар шаардлага тавих вэ?

-Суралцах чин хүсэлтэй, 12 дугаар анги төгссөн хүүхэд бүр явж болно. Малын эмчээр суралцах хүүхдийнхээ тоог нэмж 35 хүргэж магадгүй. Яагаад гэвэл хүүхэд өвдөнө, санаа нь хувирна. Янз бүр шүү дээ. Ямар ч байсан 30-аас буулгахгүй. Арын хаалганы хүүхдийг авахгүй. Нэгэнт малын эмч болохоор хөдөөнөөс зорьж ирсэн, шийдвэрээ гаргачихсан хүүхдээс сонговол илүү үр дүнтэй. Тэр дотроос бүр малчны хүүхдийг сонгоё гэж байгаа. Тийм учраас манай сургуулийг малын эмчээр төгссөн хүүхэд эргээд нутаг орондоо очиж малын эмчээрээ ажиллах бүрэн боломжтой.

-Малын эмчээр суралцаж буй оюутанд олгох тэтгэлгийн талаар сонирхуулаач?

-Мал эмнэлэг, малын эмчийн мэргэжлийн жилийн сургалтын төлбөр 8610 юань байдаг. Үүнээс 5500 юань сургалтын төлбөр, 3310 юань нь бусад зардал буюу байрны төлбөр, визийн хураамж, ном сурах бичиг, бүртгэлийн хураамж, даатгалд зориулагдана.

Сар бүр 500 юанийн тэтгэлэгтэй. 8 сар суралцана гэвэл 4000 юань тэтгэлгээр авна.

Одоо эхний ээлжинд явахдаа бусад зардлын 3310 юанийг төлөх юм. Энэ нь Монгол мөнгөөр 1 сая орчим төгрөг. Сарын тэтгэлгээ авчихаар бараг үнэгүй сурч байна гэсэн үг.

-Ер нь ямар учраас Монголоос оюутан элсүүлье, монголд хэрэгцээтэй байгаа мэргэжлээр тэтгэлэгт хамруулъя гэж шийдсэн юм бэ?

-Хөрш орны хувьд хэн хэндээ туслах нь олон улсын харилцааны үндсэн ёс. Манай Өвөрмонголын одоогийн сурган хүмүүжлийн тоног төхөөрөмж нэлээд орчин үед нийцсэн. ӨМӨЗО-ны шинжлэх ухааны танхимаас “ШГАМДС нь Монголын малчид болон оюутан сурагчдын дадлага, боловсрол хийх төв мөн” гэж тодорхойлсон. Бид хоёр орны харилцааны үндсэн дээр одоогийн монгол хүүхдүүдийг хятадад сургах гэхээр хэлний бэрхшээл тулгардаг. Тийм бэрхшээл гаргахгүйн тулд бид Монголын хүүхдийг сургах төсөв гаргаж, богино хугацааны сургалт болон дээд сургуульд элсүүлж байна.

Энэ сургуулиар дамжаад Монголын хүүхдүүдэд маш том боломж олгож байгаа төсөл гэж ойлгож болно. Нөгөө талаар ХАА-н боловсролын салбар дахь гадаад харилцаагаа өргөжүүлье гэсний үндсэн дээр тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байгаа учраас энэ боломжийг манай ар монголын хүүхдүүд ашиглаж авах хэрэгтэй. Амьдралд хэрэгцээтэй мэргэжлээр суралцах боломжийг олгож байгаа учраас энэ боломжийг битгий алдаарай гэж хэлмээр байна.

-Та бүхэнтэй холбоо барих хүсэлтэй хүмүүс хаана хандах вэ?

- ХХААЯ-ны ард байрлах Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны байрны 411 тоотод бүртгэж байгаа. Ирэхдээ иргэний үнэмлэх, сургууль төгссөн гэрчилгээгээ авч ирээрэй.

Хуваалцах