Гааль, татварын ерөнхий газар Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана
Уг санамж бичгийн хүрээнд Гааль, татварын алба Иргэн, хуулийн этгээдээс болон гааль, татварын лавлах утас /1800-1281,1800-1288/-нд ирсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлэх юм.
Мэдээллийн алба
Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нар Гааль, татварын ерөнхий газрын байранд дөрөвдүгээр сарын19-ний өдөр хоёр байгууллагын хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Гааль, татварын алба Иргэн, хуулийн этгээдээс болон гааль, татварын лавлах утас /1800-1281,1800-1288/-нд ирсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлэх юм.
Мөн гааль, татварын хяналт шалгалтын явцад илрүүлсэн гааль, татварын гэмт хэргийн талаарх мэдээлэл, холбогдох материал акт, дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан харьяаллын дагуу нэн даруй цагдаагийн байгууллагад шилжүүлэх, цагдаагийн эрх бүхий албан тушаалтны шинжээч томилсон тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлтийг тогтоосон хугацаанд хүргүүлэх зэргээр хамтран ажиллах юм.
Түүнчлэн Татвар төлөхөөс зайлсхийх, улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл, ашигт малтмал хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт явуулж буй хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд цагдаагийн байгууллагад мэргэжлийн дэмжлэг, үзүүлэх, Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг түргэн шуурхай бүрэн илрүүлж шийдвэрлэх зорилгоор шаардлагатай арга хэмжээг хамтран зохион байгуулна.
Харин Цагдаагийн байгууллага дараах асуудлаар хамтран ажиллана. Үүнд Татварын хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл сэжиг байгаа тохиолдолд татвар төлөгчийн татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэх асуудлыг нийслэлд ГТЕГ-ын даргад, орон нутагт тухайн орон нутгийн гааль, татварын албаны даргад хүсэлт тавьж шийдвэрлүүлнэ.
Гааль, татварын байгууллагад бүртгэгдсэн улсын бүртгэлийн болон татвар төлөгчийн хаяг байршилдаа байхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй эсхүл гаалийн зөрчилд холбогдсон болон татвар төлөхөөс зайлсхийж оргон зайлсан иргэн, хуулийн этгээдийг шүүхийн даалгаснаар эрэн сурвалжилна.
Түүнчлэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, түүний хаягийг тодруулахтай холбогдсон Цагдаагийн байгууллагад байгаа мэдээ, мэдээлэл, судалгааг, татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн ял шийтгэлийн байдлын лавлагааг гаргаж өгөх гэх мэтчлэн мэргэжлийн байгууллагаас шаардагдах асуудлын хүрээнд хамтран ажиллах юм.
Дашрамд дурдахад, Цагдаагийн байгууллага 2008 оноос хойш Гааль, татварын байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. Гаалийн байгууллагатай 2008 онд, Татварын байгууллагатай 2015 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байжээ. Харин энэ удаад хамтын ажиллагааны хүрээнд мөрдөгдөх дүрэм, журмуудаа шинэчлэн боловсруулснаар шинээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.


















