Гаалийн хяналтын талбайг ашиглалтад орууллаа
Сүхбаатар аймаг дахь "Бичигт боомт"-ын газар стандартын гаалийн хяналтын талбайтай болж, албан ёсоор ашиглалтад орууллаа.
Мэдээллийн алба

Сүхбаатар аймаг дахь "Бичигт боомт"-ын газар стандартын гаалийн хяналтын талбайтай болж, албан ёсоор ашиглалтад орууллаа. Уг ажлыг "Андын элч" ХХК гүйцэтгэж, 600 гаруй сая төгрөг зарцуулсан байна.
ГЕГ-ын даргын 101 тоот тушаалаар энэхүү ажлыг 2018 онд эхлүүлжээ 11 га бүхий талбайг хяналтын талбайн стандартаар засаж, шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шат дараатайгаар хийсээр ийнхүү бүтэн нэг жил үргэлжилж, албан ёсоор ашиглалтад орсон нь энэ юм. Бичигт боомтоор өдөрт дунджаар 150 орчим том оврын машин гардаг. Гэвч эдгээр машинуудын ачсан бүтээгдэхүүнд нэг бүрчлэн хяналт тавих ажил хангалтгүй байсан. Тодруулбал, Сүхбаатар аймаг дахь гаалийн газар өмнө нь уурхайн захиалгаар газар дээр нь очиж бүтээгдэхүүнд хяналт тавьдаг байжээ. Харин одоо уул уурхайн түүхий эд ачсан машинууд уг талбайгаар дамжин, шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүнээ буулгаж, зохих хяналт шалгалт, хэмжилтүүдийг хийлгээд дахин ачаад явах юм байна. Ийнхүү уг хяналтын талбай ашиглалтад орсноор Бичигт боомтоор экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүнд хяналт тавих ажил илүү сайжирч, эхнээсээ ч үр дүнгээ өгч эхэлсэн гэж байна.
"Андын элч" ХХК-ийн 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан уг талбай нь дэд бүтцийн асуудлаас эхлээд орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн талбай болж чаджээ.
"Бичигт боомт"-ыг өргөтгөх, шинэчлэх ажил Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хийгдэхээр болсон. Одоогоор зураг төслийн ажлууд хийгдэж байна. Боомт өргөжснөөр боомтын ачаалал илүү нэмэгдэнэ. Тиймээс цаашид хяналтын талбайг ч мөн өргөтгөх шаардлагатай гэлээ.
"Бичигт боомт"-оор хүрэн нүүрс, хайлуур жонш, төмрийн хүдэр, түүхий нефть гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг зургаан компани тээвэрлэдэг. Гаалийн хяналтын талбай ашиглалтад орсонтой холбоотойгоор эдгээр компани "Андын элч" ХХК-тай албан ёсны гэрээ байгуулах ёстой. Хэрвээ гэрээ байгуулаагүй бол бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх боломжгүй болох юм байна.
Т.Одончимэг


















