Гаалийн тарифын зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа
Зөвлөл нь нийт 15 гишүүнтэй бөгөөд төсөв, худалдаа, гадаад харилцаа, гааль, татвар, эрчим хүч, уул уурхай, зам, тээвэр, үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх ажээ.
Мэдээллийн алба

Гаалийн тарифтай холбоотой бодлогын асуудлаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй Гаалийн тарифын зөвлөлийн дүрмийг шинэчлэхийг Засгийн газрын өнгөрөгч гуравдугаар сарын 21-ний хуралдаанаар Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яаманд даалгасан.
Энэ дагуу дээрх яамдаас боловсруулсан төслөө Засгийн газрын өчигдөр хуралдсан ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Гаалийн тарифын зөвлөл нь гаалийн татварын хувь, хэмжээг оновчтой тогтоох санал дүгнэлт гаргах, хөнгөлөлттэй тариф хэрэглэх хэлэлцээр байгуулсан орнуудын бараа бүтээгдэхүүнд тарифын тааламжтай нөхцөл олгох, хөгжингүй орнуудаас үзүүлдэг тарифын хөнгөлөлт ашиглах хэлэлцээрийн санал боловсруулах ажлыг хариуцдаг юм.