Гачууртын 450 хүүхэд гарын бэлэг авч, Монгол шилтгээнд баяраа нижгэр тэмдэглэлээ
Эх үрсийн баярыг тохиолдуулан Төрийн банкны Гачуурт тооцооны төвөөс “Эх дэлхий- Хүүхэд бидний ирээдүй” уриан дор нэгэн сайхан өдөрлөгийг Монгол шилтгээнд зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Эх үрсийн баярыг тохиолдуулан Төрийн банкны Гачуурт тооцооны төвөөс “Эх дэлхий- Хүүхэд бидний ирээдүй” уриан дор нэгэн сайхан өдөрлөгийг Монгол шилтгээнд зохион байгууллаа.
Нийслэлийн зүүн зүг, Туул голын хөвөөнөө орших Гачуурт тосгон 6700 орчим хүн амтай, 1200 хүүхэд, багачуултай. Тосгондоо бүхэл бүтэн сургууль, цэцэрлэгтэй ч хүүхдүүдээ сүр жавхлантайгаар, нижгэр баярлуулсан үйл явдал санаанд тод буудаггүй нь нууц биш.
Хүүхэд бүхэн инээд, хөөр, баяр жаргалаар бялхаж байх ёстой. Иймээс ч хотоос зайдуу Гачуурт тосгоны хүүхдүүд жилдээ ганц болох баяраараа тэр бүр нийслэлдээ хүрэлцэн ирж, ододтай хамт дуулж хуурдан, хүүхдийн паркаар зугаалж чаддаггүй ч энэ удаа манайхны урдаа барьдаг аялал, жуулчлалын тансаг бааз болох Монгол шилтгээн төвд нэгэн өдрийг жаргалтай өнгөрүүллээ.
450 хүүхэд гарын бэлэг авч, азтан болсон гэж бодохоор Төрийн банкны зүгээс Гачууртынхаа хүүхдүүдэд үнэхээр их сэтгэл гаргасан байгаа биз. Ингэхдээ бүр бүтэн өдөржин аав, ээж, ах эгчийнхээ хамт тоглож наадан, уралдаан тэмцээнд оролцохын зэрэгцээ хүүхдүүдийн хайртай урлаг, соёлын ах эгч нартайгаа дуулж, бүжиглэн сэтгэлийн цэнгэлд умбацгаасан байна.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч “Төрийн банк”-ны Гачуурт тооцооны төвийн захирал Г.Алтангэрэлээс дараах зүйлсийг тодрууллаа.
-Эх дэлхий хүүхэд бидний ирээдүй өдөрлөг сайхан болж байна. Өдөрлөгийн гол зорилго юу вэ. Олон хүүхэд цугларчээ?
-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Төрийн банк өнөөдөр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, хүүхэд багачуудтайгаа нэгэн өдрийг баяр хөөртэй, хөгжилтэй өнгөрүүлье гэсэн зорилгын дор уг үйл ажиллагааг зохион байгууллаа.
Гачуурт тосгоныг сонгосон учир нь хотоос зайдуу учраас төвд болж буй арга хэмжээнд хүүхдүүд тэр бүр оролцож чаддаггүйтэй холбоотой юм. Тиймээс энэ тосгоны ард иргэд, хүүхдүүдийг нэг өдөр баяр хөөр дуу хууртай өнгөрүүлээсэй хэмээн хүссэн. Өдөрлөг сайхан боллоо.
-“Эх дэлхий- Хүүхэд бидний ирээдүй” өдөрлөгийг анх удаа зохион байгуулав уу. Цаашид уламжлал болгох уу?
-Эх үрсийн баярыг угтсан хүүхэд, олон нийтийг баярлуулах ажлыг өнгөрсөн жилээс хийж эхэлсэн. Хойшид уламжлал болгон жил бүр явуулна. Бид нэг өдөр ч гэсэн энэхүү өдөрлөгөөр хүүхдүүдийг баярлуулах нь тэдний төлөө бага ч болов зүйлсийг хийж байгаа хэрэг юм.
-Өмнөх жилүүлийнхтэй харьцуулахад оролцогч хүүхдийн тоо нэмэгдэж үү. Ямар хүүхдүүдэд бэлэг өгсөн юм бэ. 450 хүүхдэд бэлэг өгсөн гэж сонслоо?
-Өдөрлөгийн хүрээнд 450 гаруй хүүхдэд бэлэг гардууллаа. Урьд жилийнхтэй харьцуулахад илүү өргөн цар хүрээтэй болж олон хүүхдүүд оролцсон. Хүүхдийн нэрсийг Засаг даргын тамгын газраас гаргасан судалгаан дээр үндэслэн бүтэн, хагас өнчин, эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын түвшин доогуур орлоготой айлын хүүхдүүд болон мөн тосгоны шилдэг сурагч, спорт урлагаараа тэргүүлэгч хүүхдүүдэд бэлэг гардуулсан.
Түүнчилэн хүүхдүүдийн дунд гар зураг болон, шүлгийн уралдаан зарлаж шилдгийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулсан юм.
-Өдөрлөгт урлагийнхан олноороо ирж, ая дуугаа өргөж байна. Ийм сайхан тоглолт үзээд сэтгүүлч миний хувьд ч ажлаал тайлагдах шиг боллоо?
-Өдөрлөгт “Баянзүрх дүүргийн Соёлын ордоны дэргэдэх” Дуу, бүжгийн “ИХ МОНГОЛ” хүүхдийн хамтлагийн тоглолт, “63-дугаар” цэцэрлэгийн хүүхэд багачууд, 85-дугаар” сургуулийн Т.Алтанзул багштай бүжгийн “Мөнгөн шүүдэр” хамтлаг, Төрийн банкны элч хамтлаг поп, опера хамтлаг “UVERTURA” хамтлаг, “Монгол репер ЖИЙ” Мөнх-Эрдэнэ, Монголын шилдэг найман уран бичээчийн нэг Э.Найдандорж ирж, хүүхдүүддээ бэлэг барилаа.
Ирсэн зочдын дэргэд Хуучин монгол бичгээр бичиж үзүүлэхийн зэрэгцээ “AWESOME DANCE GREW” хамтлаг, “РЕПЕР ЖЕНИ-Дуламсүрэн”, “ДОГЬ ЗАЛУУС” хамтлаг, NEXUS хамтлаг, дуучин Ганхөлөг болон Анхбаяр, CODE-26 хамтлаг /25-суваг телевизийн making the band шоуны 2014 оны шилдэг хамтлаг/, Спортын гимнастикч “Б.Соёлсайхан” багаараа, Чөлөөт бүжгийн “БӨРТЭ ЧОНЫН ҮРС” хамтлаг өдөрлөгт хамрагдлаа.
Эдгээр залуус их сэтгэл гаргаж, бидний саналыг нааштайгаар хүлээж авч оролцсонд Төрийн банкныхаа зүгээс талархал илэрхийлье.
Мөн энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Монгол шилтгээн ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрдэнэцэцэг эгчдээ болон Монгол шилтгээн цогцолборын нийт хамт олонд, “Гачуурт” тосгоны захиргаа, Засаг даргын тамгын газар, “Мөнгөн бороо” ХХК-ийн захирал Л.Даш, “Цэцээ импекс” ХХК-ийн захирал Э.Гантуяа, “Gretive proline” студийн захирал Ж.Оргил, Good Frame ХХК-ийн төлөөлөл Ч.Мөнхбат, “Сансар тур” ХХК-ийн захирал А.Энхмөнх, н.Отгонбаярын гэр бүлийнхэнд энэ агшинд талархсанаа илэрхийлье. Та бүхэн хүүхдийн төлөө нэгдэж чадсан шүү гэж хэлье дээ.


















