Гадаад нэвтрүүлгийн "Зөөлөн Нараа"
Монголын Радио гэдэг их айл, 80 жил эх орныхоо дуу хоолой болон эгшиглэж, Монгол, Хятад, Орос, Англи, Япон хэлээр, монголчуудынхаа ёс заншил, ахуй соёл, үүх түүх хийгээд, бүхий л сайн сайхныг магтан дуулж, дэлхий дахинаа “50 жил” сурталчилан таниулж байгаа “Их уран бүтээлийн том өргөө” бөлгөө.
Мэдээллийн алба

Монголын Радио гэдэг их айл, 80 жил эх орныхоо дуу хоолой болон эгшиглэж, Монгол, Хятад, Орос, Англи, Япон хэлээр, монголчуудынхаа ёс заншил, ахуй соёл, үүх түүх хийгээд, бүхий л сайн сайхныг магтан дуулж, дэлхий дахинаа “50 жил” сурталчилан таниулж байгаа “Их уран бүтээлийн том өргөө” бөлгөө.
Энэ том өргөөнөө, тодоос тод гялалзан ажил амьдралынхаа олон арван жилийг зориулан, сэтгүүлчийн нойр хугаслан суух цаг завгүй ажилд хүчин зүтгэсэн хүний нэг бол МҮОНР-гийн Гадаад нэвтрүүлгийн буюу Монголын дуу хоолой радиогийн ахмад сэтгүүлч Батсуурийн Нарантуяа юм. Тэр Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга цолт, сайхан ааваараа овоглогдохоос гадна, “Гадаад нэвтрүүлгийн Нараа” гэж хэлэгдэх нь олонтой.
Нэг л хэлтэст тасралтгүй 38 жил сэтгүүлчээс дарга хүртлээ ажилласан хүн ийн нэршигдэх нь арга ч үгүй биз. Түүний зөөлөн намуун дуу, зөөлөн дөлгөөн харц, зөөлөн алхаа гишгээ, зөөлөн аядуу харьцаа, цаанаа л нэг эрхэмсэг агаад, хэнд ч намба төгс харагдах түүнийг “Зөөлөн Нараа” гэхэд ч болохоор. Зөөлөн бүхнийг цогцлоосон эрхэм бүсгүй маань гадаад дотоодын сонсогчдын баяр талархал хүлээсэн олон нэвтрүүлэг хийснийг онцлон дурдууштай.
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай хэдэн жилийн өмнө радио дээр ирчихсэн, радиогоор тун саяхан нэвтэрсэн Александр Пушкин, Анна Ахматова зэрэг нэрт зохиолчдын тухай нэвтрүүлгийг хэн бичсэн бэ? гэж асуув. Учрыг тодотгон лавлатал: “Би биечлэн уулзаж баяр хүргэх гэсэн юм. Маш сонирхолтой, сайхан бичиж гэв”. Хожим нэрт зохиолч маань өөрийн дурсамж номондоо “Би, Дархан аварга Батсуурьтай сайн танил байсан. Түүний охин, манай радиогийн сайн сэтгүүлч, орчуулагч болсонд би баяртай байдаг юм” гэж бичсэн байлаа. (Ш.Сүрэнжав гуай дээхэн үед Радиод ажиллаж байсан юм билээ.) Ийнхүү сэтгүүлч хүний үзэг цаас хоршуулан байж, оюун ухаанаа уудлан бичсэн зүйл бусдад хүрч, өндөр үнэлэмж авах гэдэг, сэтгэлд оршоох гүн таашаал буюу. Тэр тусмаа ахмад өвгөн зохиолч өөрийн биеэр зорин ирж, баяр хүргэнэ гэдэг ховор тохиол төдийгүй, урам ургуулсан агуу хүч ажгуу.
Дэлхийн нэр цуутай улс төрчдийн тухай “Дэлхийн цаг”, түүхэн хүмүүсийн тухай “Дэлхийн хүмүүс”, шинжлэх ухаан танин мэдэхүйн “Гайхамшиг” цуврал нэвтрүүлэг мөн Халх голын дайны тухай түүх сөхсөн дурсамж гээд сэтгүүлч Б.Нарантуяагийн хийж туурвисан уран бүтээл, Монголын Радиогийн “Алтан сан хөмрөг”-т олноороо хадгалагдаж байдаг бөгөөд тэрээр “Дэлхийн хүмүүс” нэвтрүүлгээрээ шилдэг уран бүтээлийн “Гоо марал” шагналыг 1996 онд хүртсэнээр, энэхүү шагналын анхны эздийн нэг болсон юм. Сонирхуулан өгүүлэхэд, уг шагналыг тухайн үед өдгөөгийн МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж түүнд гардуулан өгч байжээ. Мэргэжил нэгт Ерөнхийлөгчөөсөө уран бүтээлийн дээд шагнал гардан авсныгаа тэр ихэд билэгшээдэг юм билээ.
Шагналын тухайд гэвэл, түүнд “Найрамдлын алтан од”, “Алтангадас” “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гээд хэн хүний энгэр дээр зэрэгцэн гялалзаад байхгүй гурван том одон бий. Энэ бүхний цаана сэтгүүлчийн нөр их хөдөлмөр зүтгэл, авьяас билэг оршином.
Б.Нарантуяа ОХУ-ын “Оросын дуу хоолой” радио, Хятадын Олон улсын радиод орчуулагч мэргэжилтнээр ажилласны зэрэгцээ, Монгол улсыг Япон улсад сурталчилах ажлыг сайн зохион байгуулсан гэх урамшууллаар Японд аялаж, сонирхолтой нэвтрүүлэг цөөнгүй бэлтгэж байв.
Дашрамд өгүүлэхэд Москвагийн Ломоносовын их сургууль дүүргэсэн шавилхан биетэй энэ бүсгүй, зөвхөн сэтгүүлчийн хувиар ажиллаж ирсэн бус 1990- ээд онд өөрийн санаачилгаар “Жайка”, Нээлттэй нийгэм хүрээлэн болон Монгол дахь Гадаадын ЭСЯ-уудтай ажлын харилцаа холбоо тогтоон, 100 гаруй мянган ам долларын техник тоног төхөөрөмжийг тусламжийн шугамаар авч, Монголын радиод байршуулсан нь техникийн томоохон шинэчлэл хийгдсэн, улмаар нэвтрүүлгийн чанар дээшилсэн, үнэхээр том ажил болсон гэдэг.
Тэнэг хүн харагдах гэж урдуур гүйдэг, харин ухаант хүн харах гэж ард нь зогсдог гэсэн цэцэн үг байдаг юм билээ. Үүн лугаа, хийж бүтээснээ ил болгон олонд дэлгэж яриад байдаггүй, тун чиг нууцхан нэгэн бол Б.Нарантуяа.
Сайн аав, ээжийн сайхан хүмүүжил, сурч төгссөн сургуулийн цар хүрээ, мөн өөрт байх хувь хүний төрмөл зан чанар, ёс суртахуун гээд олон зүйл түүний гадаад болон дотоод өнгийг илтгэнэ.
Нараа сэтгүүлч маань хоёр охины ээж, хайртай зээ хүүгийнхээ халамжит эмээ нь. Түүний охид нь гадаадын өндөр зэрэглэлийн сургуулийг шат шатны ангиллаар төгссөн боловсрол сайтай залуу сэхээтнүүд.
Монгол Улсын цөөхөн Дархан аваргуудын нэг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Батсуурь хэмээх хүчит аваргын ууган охин, 40-өөд жил Монголын Радиогийн халуун ам бүлийн тоонд багтаж яваа, уран бүтээлийн арвин олз, асар их туршлага хуримтлуулсан, амжилт бүтээлийн эзэн, сэтгүүлч Б.Нарантуяагийн тухай цухас өгүүлэхэд ийм буюу.
МУСГЗ, “Гоо марал” шагналт нэвтрүүлэгч Г.Отгон


















