Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадад суралцаж байгаа алба хаагчдын цалинг 2016 оны Улсын төсвөөс хассан

Гадаадын цэргийн их, дээд сургууль, академид суралцаж байгаа цэргийн алба хаагчдын цалингийн тухай Батлан хамгаалах яамны Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаас тодруулахад дараах тайлбарыг өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Гадаадад суралцаж байгаа алба хаагчдын цалинг 2016 оны Улсын төсвөөс хассан
Гадаадад суралцаж байгаа алба хаагчдын цалинг 2016 оны Улсын төсвөөс хассан. Зураг: МҮОНРТ

Гадаадын цэргийн их, дээд сургууль, академид суралцаж байгаа цэргийн алба хаагчдын цалингийн тухай Батлан хамгаалах яамны Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаас тодруулахад дараах тайлбарыг өглөө.

"Батлан хамгаалах яамны хувьд гадаадын цэргийн их, дээд сургууль, академид суралцаж байгаа цэргийн алба хаагчдынхаа цалинг олгуулахын төлөө шат дараалан ажиллаж байна. Одоо үйлчилж байгаа салбарын хуульд гадаадад суралцаж байгаа алба хаагчдад цалин олгоно гэж тусгайлан заагаагүй, зөвхөн Батлан хамгаалахын сайдын гаргасан журмаар зохицуулан цалинг нь олгож ирсэн байдаг. Харамсалтай нь эдийн засгийн нөхцөл байдлаас үүдээд гадаадад суралцаж байгаа манай алба хаагчдын цалинг 2016 оны улсын төсвөөс хассан. Ийм л нөхцөл байдлын улмаас манай алба хаагчид цалингаа авч чадахгүй байна. Нэгэнт хуульд тусгайлан оруулж, баталгаажуулах шаардлага гарсан учраас өдгөө УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд "Гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа офицер, ахлагчийн суралцах хугацааны цалин хөлс, ирэх буцах тээврийн зардлыг төр хариуцна" гэж оруулсан. Хуулийн төслийг энэ парламентын хугацаанд батлагдан гарна гэдэг хүлээлт, шаардлага, итгэл үнэмшил манай салбарынханд байна. Өнөөдөр батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг УИХ-ын байнгын хороо, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товтой байгаа. Энэ хуулийн төсөл батлагдсанаар цалинг нь олгох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Ер нь 2014-2015 онд цэргийн алба хаагчдад тэтгэмж олгогдолгүй 3.4 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэл үүссэн байна.

Одоогийн байдлаар Зэвсэгт хүчнээс 12 улсад 510 орчим цэргийн алба хаагч суралцаж байна. Эдгээр цэргийн алба хаагчдад жилд дунджаар 1.5 тэрбум төгрөгийн тэтгэмжийн зардал шаардлагатай байдаг. Үүнээс бакалаврт 393 сая төгрөг, академи, дамжаанд 1.1 тэрбум орчим төгрөг ногдож байна. Эцэст нь тодруулж хэлэхэд, Батлан хамгаалах яамнаас гадаадын цэргийн их, дээд сургууль, академид суралцаж байгаа офицер, ахлагч нарын ар гэр, гэр бүлийнхний тавьж буй шаардлага, тэдэнд тохиолдож буй олон асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгааг онцлох ёстой" гэсэн юм.

Эх сурвалж: Батлан хамгаалахын яам

Хуваалцах