Гадаадад зорчсон иргэдээс санал аваагүй гэв
Засгийн газраас нийт иргэдийнхээ дунд “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг явуулж өнөөдөр дүнгээ гаргасан.
Мэдээллийн алба

Засгийн газраас нийт иргэдийнхээ дунд “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг явуулж өнөөдөр дүнгээ гаргасан. Уг санал асуулгад нийт 365.841 иргэн оролцсон бөгөөд эдгээр иргэдийн 56.1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн нэгдэх хариултыг сонгож, 132778 иргэн буюу оролцогчдын 43.9 хувь нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн хоёр дахь хариултыг сонгосон юм.
Ийнхүү иргэдээс мессежээр санал авахад хэд хэдэн дугаар барьдаг хүмүүсийн санал давхардсан байх магадлалтай талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөрөөс лавлахад “Нийт 4.2 сая орчим сим карт зах зээлд зарагдсан байдаг. Үүнээс идэвхтэй хэрэглэгч болох 3.3 сая хүн рүү мессэж илгээсэн. Харин эдгээр хэрэглэгчид дунд өөр үүрэн телефоны компанийн хэд, хэдэн дугаар ашигладаг хэрэглэгч байж болно. Учир нь үүнийг ангилж зохицуулах эрх зүйн орчин байхгүй. Тэгэхээр гар утас ашигладаг хэрэглэгч бүрт энэ мессэж очсон” гэсэн тайлбарыг өглөө. Үүнээс гадна санал асуулгыг авахдаа гадаадад байгаа буюу роүминг үйлчилгээг идэвхжүүлсэн хэрэглэгч, мөн Монгол улсад амьдарч байгаа гадаадын иргэд, өнгөрсөн сарын 26-наас энэ сарын гуравны хооронд зарагдсан шинэ сим картнаас санал асуулгад оролцохыг хязгаарласан байна.
Иргэдийн дийлэнх нь "Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох" гэсэн саналыг дэмжсэн учраас цаашид Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт энэ чиглэлийг тусгаж ажиллах ажээ.


















