“Гайхамшигт зургаагийн төлөө” төслийн хүрээнд залуус машин засварлажээ
Монголын бартаат замын авто спортын холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Гайхамшигт зургаагийн төлөө” төслийн хүрээнд УАЗ 469, УАЗ ФУРГОН, ЛАНДКРУЙЗЕР 79 гэсэн гурван авто машиныг бүрэн засварлах болон Говийн Их Дархан Цаазат Газрын анхааруулах тэмдэг тэмдэглэгээг хийж гардуулан өгөх арга хэмжээ өнө
Мэдээллийн алба

Монголын бартаат замын авто спортын холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Гайхамшигт зургаагийн төлөө” төслийн хүрээнд УАЗ 469, УАЗ ФУРГОН, ЛАНДКРУЙЗЕР 79 гэсэн гурван авто машиныг бүрэн засварлах болон Говийн Их Дархан Цаазат Газрын анхааруулах тэмдэг тэмдэглэгээг хийж гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Энэхүү төслийн хүрээнд гурван машиныг иж бүрэн засварлах болон дархан цаазат газрын анхааруулах тэмдэг тэмдэглэгээг засах ажилд нийт 140-150 хүн бие сэтгэлээ дайчлан оролцсон байна.
Уг арга хэмжээний үеэр “Гайхамшигт зургаагийн төлөө” төсөлд багтсан амьтад болох хар сүүлт, тахь, хавтгай, бөхөн, мазаалай, хуланг танилцууллаа.

Монголын бартаат замын авто спортын холбооны тэргүүн Т.Ганболд “Дэлхийд ховордсон, "Улаан ном"-д орсон эдгээр амьтдаа эрүүл аюулгүй амьдрахад нь яавал тус дэм болох вэ, үүнийгээ нийгэмдээ хандуулж, хүмүүст уриалах гол зориготой юм. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүхий л хүмүүст ан амьтан, дархан цаазат газраа хайрлан хамгаалаарай гэж хэлмээр байна. Энэхүү гурван машиныг засварлахад нийтдээ 30 гаруй сая төгрөгийн засварын зардал гарсан байна. Мөн маш олон клуб, хувь хүмүүс оролцсон. 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийсэн” гэв.

Мазаалай хамгаалах ажлын хэсгийн гишүүн, Геологийн ухааны доктор Б.Мижиддорж “Говийн мазаалай бол Монголд л байдаг, Монголын нэрийг дэлхийд гаргах ховор амьтан юм. Мазаалай болон бусад ховор амьтдыг хамгаалахад зөвхөн төрийн байгууллага биш ТББ, иргэд олон нийт, хувийн хэвшил бүгд тал талаасаа оролцоод, хамтраад энэ үйл ажиллагааг зохион байгуулах юм бол их үр дүнд хүрнэ. Үүний тод жишээ нь Монголын бартаат замын авто спортын холбооны залуучуудын маань бүтээсэн зүйл. Тэд санаачилга гаргаад ховордсон амьтдын хамгаалах ажилд тус нэмэр оруулж, машин техникийн асуудалд дэмжлэг үзүүлж байгаад үнэхээр их талархаж байна" гэлээ.
Л.Сайнбаяр


















