Гал түймрийн улмаас нэг иргэн түлэгдэж нас барлаа
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны долдугаар гудамжинд айлын гэр шатаж, 78 настай, эмэгтэй түлэгдэж нас барлаа. Айлын гэр шатаж байна гэсэн дуудлагыг ОБЕГ, 12 дугаар сарын 7-ны өдрийн 12:56 цагт хүлээн авчээ.
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны долдугаар гудамжинд айлын гэр шатаж, 78 настай, эмэгтэй түлэгдэж нас барлаа. Айлын гэр шатаж байна гэсэн дуудлагыг ОБЕГ, 12 дугаар сарын 7-ны өдрийн 12:56 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн найман албан хаагч, хоёр автомашинтай ажиллажээ. Гал түймэрт түлэгдэж нас барсан, иргэн Ц /78 настай, эмэгтэй/ -ын цогцсыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
12 дугаар сарын долооны өдөр ОБЕГ гэр, байшин, авто засварын газар шатсан гурван дуудлагаар шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 17 дугаар гудамжинд байшин шатсан дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн албан хаагчид очиж ажилласан бол, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Сэлэнгэ зочид буудлын ард дугуй засварын газар шатсан дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, галыг аюулгүй болгосон байна.
Мөн Увс аймгийн Улаангом сумын Сургуулийн хороо багийн нэгдүгээр гудамж дахь 40 тоотод гэр шатсан гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтай ажиллаж унтраажээ.


















