Гамшгийн эрсдлийг бууруулахад хамтран ажиллана
Онцгой байдлын ерөнхий газраас Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр
Мэдээллийн алба

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр “Олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдлийн менежментийн чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд нэгтгэх нь” төслийг хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн долоо хоногт “Олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдлийн менежментийн чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд нэгтгэх нь” төслийн анхдагч уулзалтыг зохион байгуулж Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нар оролцлоо.
Төслийн хүрээнд энэ онд Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх, цуврал сургалтуудыг зохион байгуулна. “Гамшгийн эрсдлийг бууруулах” сэдэвт анхны сургалтыг 2015 оны хоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулж Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд, Боловсрол шинжлэх ухааны яам, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэнд, спортын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна.
Онцгой байдлын ерөнхий газар “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулсан бөгөөд энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газарт өргөн барьж батлуулахаар төлөвлөж байна.
Үндэсний хөтөлбөр батлагдсанаар “Олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдлийн менежментийн чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд нэгтгэх нь” төслийн хэрэгжилтэд үндэс суурь болох юм. “Олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдлийн менежментийн чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд нэгтгэх нь” төслийг Дэлхийн банкнаас санхүүжүүлэх юм гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.


















