Гамшгийн үеийн хариу арга хэмжээний санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх талаар санал солилцлоо
Мэдээллийн алба

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, болзошгүй гамшгийн үеийн хариу арга хэмжээний төслийн бэлтгэл ажил, гамшгийн эрсдэлийн санхүүжилт болон техникийн туслалцааны чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр Дэлхийн банкны төлөөлөгчид төслийн бэлтгэл ажлын явц, зохион байгуулалт, Онцгой байдлын ерөнхий газрын оролцоо, төсөл хэрэгжүүлэх нэгж болон санхүүжилтийг идэвхжүүлэх талаар мэдээллээ.
Онцгой байдлын ерөнхий газрын зүгээс Монгол Улсад томоохон гамшгийн үед шуурхай ашиглах тогтвортой, уян хатан санхүүжилтийн механизм шаардлагатайг онцолж, ковид-19 цар тахал болон зудын гамшгийн үед тулгарсан санхүүжилтийн хүндрэл, туршлагын талаар танилцуулав.
Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхээр ажиллаж байгааг онцолсон юм.
Талууд гамшгийн дараах хохирол, хэрэгцээний үнэлгээний одоогийн аргачлалыг шинэчлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, Монгол Улсын нөхцөлд тохирсон үнэлгээний аргачлал боловсруулах, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах болон холбогдох техникийн туслалцааг Дэлхийн банкнаас үзүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.
Цаашид төслийн удирдлага, зохион байгуулалтыг нарийвчлан тодорхойлох, төсөл хэрэгжүүлэх гарын авлагыг боловсруулах, гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.




















