"Ганга нуурын чуулган-2016" үйл ажиллагаа боллоо
“Ганга нуурын чуулган-2016” үйл ажиллагаа Алтан-Овооны энгэр дэх цогцолборт энэ сарын 27-нд зохион байгуулагдлаа.
Мэдээллийн алба

“Ганга нуурын чуулган-2016” үйл ажиллагаа Алтан-Овооны энгэр дэх цогцолборт энэ сарын 27-нд зохион байгуулагдлаа. Чуулганы үйл ажиллагааны нээлтэд Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр, Соёл яруу найргийн академийн тэргүүн Г.Мэнд-Ооёо, “Нью жуулчин турс” ХХК-ийн захирал Ш.Нэргүй болон бусад зочид төлөөлөгчид, ард иргэд, жуулчид оролцлоо. Аймгийн Засаг дарга нээлтийн үйл ажиллагааг нээж “Бид түүх, соёлоо дээдлэхээс гадна Ганга нуураа авран хамгаалахад гол анхаарлаа хандуулах ёстой. Нуураа авран хамгаалахын төлөө төр засгийн анхаарлыг хандуулж, аймгийн удирдлага идэвхтэй ажиллах болно” хэмээсэн юм.

Дарьганга татлагыг тээгч, өвлүүлэгч Цэдэвсүрэн болон түүний шавь нарын хуурын татлага, Дарьганга хошууны 6 сумын ардын авьяастнуудын тоглолт, өв соёл, эд өлгийн үзэсгэлэн, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, мөнгөн урлал, Дарьганга судлалын ховор номын үзэсгэлэн, адууны соёл зэрэг урлаг соёлын баялаг хөтөлбөр ирсэн гийчид, жуулчдын нүдийг баясгаж, сонорыг мялаан, сэтгэл баясгаж байлаа.
Мөн сумын Соёлын төвд аймгийн Угсаатны зүйн музей, Нийтийн номын сангийн Дарьганга мөнгөн урлал болон дарьганга судлалын ховор номын үзэсгэлэнг дэлгэсэн юм. Чуулганы үйл ажиллагаанд гадаад, дотоодын нийт 500 гаруй жуулчин оролцон мартагдах шахсан үнэт соёлоо сэргээн өвлүүлэх, нүүдлийн ахуйгаа хайрлах хамгаалахын үнэ цэн, ач холбогдлыг бахдаж байлаа. Чуулганд 30 гаруй гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний олонх нь хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ноос ирсэн байлаа.



















