Гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн нийгмийн баталгааг сайжруулна
Гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд буюу бидний хэлж заншсанаар “Нинжа” гэх тодотголтой иргэдийн талаар төрийн зүгээс дорвитой үйл ажиллагаа явуулалгүй бодлогын түвшинд орхигдсоор ирсэн билээ.
Мэдээллийн алба

Гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд буюу бидний хэлж заншсанаар “Нинжа” гэх тодотголтой иргэдийн талаар төрийн зүгээс дорвитой үйл ажиллагаа явуулалгүй бодлогын түвшинд орхигдсоор ирсэн. Өнөөдрийг хүртэл хууль эрх зүйн орчны зохицуулалт ч хангалтгүй хэвээр байсаар байгаа.
Тиймээс эдгээр иргэдийн нийгмийн болон эдийн засгийн баталгааг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Гар аргаар ашигт малтмал албан бусаар олборлож буй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна. Тус тогтоолын төсөл батлагдвал тухайн иргэдийг тусгайлсан сургалтад хамруулж мэргэжилтэй болгох, ажил эрхлэлтийн өөр зэрэгцээ хэлбэрүүдийг бий болгох, ажлын байраар хангах, тухайн газар нутагт өрхийн болон бичил үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг орон нутгийн дэмжлэгтэйгээр тусгайлан байгуулах, гар аргаар ашигт малтмал эрхлэгч иргэдэд бичил бизнес эрхлэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх зэргээр тэдгээр иргэдийн өрхийн орлогыг нь нэмэгдүүлж, “Нинжа” гэх тодотголтой эрсдэлт бүлгээс гарахад нь төрийн зүгээс үзүүлж буй томоохон дэмжлэг болох юм.
Мөн энэ талаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хэмжээний бодлого хөтөлбөрүүдэд тусгай дэд хөтөлбөр нэмж тусгах, олон улсын байгууллага, гадаад улс орнуудтай төсөл хөтөлбөр боловсруулж, хамтран ажиллахыг Засгийн газарт даалгахаар тогтоолын төсөлд тусгажээ.



















