Гарааны бизнесийг дэмжих төслийн сургалт эхэллээ
Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл Дархан-Уул аймагт 3 дах жилдээ явагдаж байна.
Мэдээллийн алба

Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл Дархан-Уул аймагт 3 дах жилдээ явагдаж байна. Залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, Шилдэг бизнес санаануудыг шалгаруулж гарааны бизнесийг дэмжих зорилготой энэхүү төслийн бүртгэл Дархан-Уул аймагт 2019 оны 6 дугаар сарын 20-ноос 30-ны өдрийг хүртэл явагдсан.
Тус бүртгэлд нийтдээ 150 орчим залуус бүртгүүлсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн оролцогчид 54-н цагийн сургалтад хамрагдаж эхэллээ. Шинэ шинэлэг санаагаа уралдуулан өөрийн гэсэн бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй 15-34-н насны бүхий л залуус энэхүү төсөлд хамрагдсан бөгөөд нийтдээ 15 багт тус бүр 10 сая төгрөгийн хүүгүй барьцаагүйгээр олгох юм. Залуус сургалтдаа хамрагдсаны дараагаар өөрсдийн бичсэн төслөө танилцуулж шалгаруулалтад оролцоно.
Энэхүү арга хэмжээ нь залуучуудыг гарааны бизнес эрхлэх, бүтээлч сэтгэхүйтэй болгох, сурган хүмүүжүүлэх, онолоор эзэмшсэн мэргэжлээ практикт турших, өөрийгөө илэрхийлэх, санаагаа хөгжүүлэх, бүтээгдэхүүнээ борлуулах, бизнесээ төлөвлөх, амжилтын төлөө тэмцэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.


















