Гарч байгаа морин жилд төр улс маань амгалан байна
Билгийн тооллын XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ахмад настнуудын төлөөлөл болсон 10 бууралтай Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн танхимд алд цэнхэр хадаг дэлгэн золгож амар мэндийг нь айлтгалаа.
Мэдээллийн алба

Билгийн тооллын XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ахмад настнуудын төлөөлөл болсон 10 бууралтай Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн танхимд алд цэнхэр хадаг дэлгэн золгож амар мэндийг нь айлтгалаа.

Төрийн золголтод Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат 93 настай Ш.Түмэнхүү, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат 98 настай К.Дүүдээ, Архангай аймгийн харьяат 106 настай Г.Нанжид, Баянхонгор аймгийн харьяат 93 настай Л.Халзан, Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат 93 настай Н.Өвөг, Баянхонгор аймгийн харьяат 95 настай С.Шижээ, Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат 90 настай Д.Дарьмаа, Архангай аймгийн Хашаат сумын харьяат 95 настай Г.Цэрэндулам, Завхан аймгийн харьяат 100 настай С.Сүрьяа, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат 91 настай Д.Жавзан нарын буурлууд оролцлоо.

Баянхонгор аймгийн харьяат 94 настай Л.Халзан:
Энэ өвөл их сайхан байна. Урьд жил нь дараа жилийнхээ эх үүсвэр байдаг гэдэг энэ өвөл их сайхан болсон. Монголын ард түмэн их заяатай сайхан ард түмэн. Ирэх жил сайхан жил гарна. Цаг агаар сайхан дулаахан тогтуухан бүх юм сайхан тэгшхэн байна. Монголын ард түмэн хийморьтой доо. Монголын ард түмэндээ нар шиг мандаж навч шиг дэлгэрч үүрд мандаж түмэн дэлгэрч яваарай гэж ерөөе дөө.

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьат 105 настай С.Сүрьеэ:
Энэ жил дулаахан ногоо цагаа элбэгтэй их сайхан жил гарч байна. Хамаг амьтан бүгд амгалан болно. Гарч байгаа морин жилд төр улс маань амгалан байна. Морин жил залуучуудад ч мөн ээлтэй их сайхан жил болно. Залуучуудад архи, тамхи гэдгийг тааруулж хэрэглээд хоорондоо эв түнжинтэй сайхан байцгаагаарай гэж хэлье. Хамаг амьтан цаашид үргэлжид амгалан жаргалан байх болтугай.


















