Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг өргөн барилаа
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг дөнгөж сая УИХ-ын даргад өргөн барилаа.
Мэдээллийн алба

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг дөнгөж сая УИХ-ын даргад өргөн барилаа.
УИХ-аас өнгөрөгч нэгдүгээр сард Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамруулах шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч хувь хэмжээг тогтоогоогүй байсан нь асуудал үүсгээд байсан юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, хөрөнгө оруулагч талтай өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцээ хийж тохиролцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, “Сенттерра гоулд Монголиа” ХХК-тай санал нэгдсэн байр суурьт хүрсэн гэдгийг Уул уурхайн сайд Р.Жигжид мэдэгдсэн юм. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн үндэслэлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга тайлбарлахдаа, "Монгол орны алтны металлогены мужлалаар Гацууртын алтны үндсэн орд нь Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд. Харьцангуй алтны өндөр агуулга бүхий хүдэртэй, ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлнө, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай" хэмээсэн юм.
Үүнээс гадна сая өргөн барьсан Ноён уул орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байгаа талаараа БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг энэ долоо хоногт мэдэгдсэн. Тодруулбал, Төв аймгийн Борнуур, Сэлэнгийн Мандал сумыг дамнан хамарсан 33 мянган га газрыг улсын хамгаалалтад авахаар санал оруулж буй бөгөөд энэ 33 мянган га газар олборлолт явуулж байгаа бүсэд хамаарахгүй болохыг мэргэжлийн хүмүүс нарийвчлан тогтоосон аж. Энэ талаар мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт "Хамгаалалтад авахаар санал болгож байгаа Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Хамгаалалтад авах зорилго нь Сибирийн тайгын өмнөд хил дээр орших Хэнтий тайгын экосистем, Монгол оронд улам бүр багассаар байгаа ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, түүх соёлын үнэт дурсгалыг үеийн үед хадгалан үлдэх зорилготой юм. Ноён уулыг байгалийн нөөц газрын ангилалаар тусгай хамгаалалтад авах шаардлагыг хангаад байгаа" гэсэн юм.


















