Гацууртын ордыг ашиглахад ямар нэг соёлын өв устахгүй гэсэн дүгнэлт гарчээ
Ерөнхий сайд Гацууртын ордыг ашигласны улмаас Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгал Хүннүгийн үеийн Бороогийн суурин, түүний орчмын соёлын өвд үзүүлж болзошгүй нөлөөллийг судлах ажлын хэсэг гаргасан.
Мэдээллийн алба

Ерөнхий сайд Гацууртын ордыг ашигласны улмаас Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгал Хүннүгийн үеийн Бороогийн суурин, түүний орчмын соёлын өвд үзүүлж болзошгүй нөлөөллийг судлах ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргасан бөгөөд энэ талаар өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд БСШУ-ы сайд Л.Гантөмөр танилцуулжээ.

Ингэхэд Бороогийн суурин нь Гацууртын ордоос 40 км, уг ордоос Бороогийн баяжуулах үйлдвэр хүртэл тавьсан авто замаас хоёр орчим км зайтай оршиж байгаа тул замын тоосыг эс тооцвол Гацууртын ордын уул уурхайн ашиглалтын болон хүдэр тээвэрлэх үйл ажиллагааны улмаас уг дурсгалд сөрөг нөлөө ажиглагдахгүй байна гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан байна.
Үүнтэй холбогдуулан Ноён уул орчмын болон Бороогийн голын сав дагуух түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдлыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Төв болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Бороогийн суурин нь эртний барилга байгууламжийн туурь бүхий суурингийн үлдэгдэл юм. Энэ сууринг Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулж байжээ.
(1).jpg)


















