Газар тариалангийн тоног төхөөрөмжийг үргэлжлүүлэн татвараас чөлөөлнө
Ингэхдээ Гаалийн албан татвараас ирэх 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл чөлөөлж байгаа аж.
Мэдээллийн алба

Газар тариалангийн зориулалттай тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө. Тодруулбал, импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм 37, гурилын үйлдвэрийн 17, усалгааны тоног төхөөрөмж 21, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж 39, бордоо 7, ургамал хамгааллын бодис 4, бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж 23-ыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлжээ. Ингэхдээ Гаалийн албан татвараас ирэх 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл чөлөөлж байгаа аж.
Газар тариалангийн зориулалттай тоног төхөөрөмжийг 2011 оноос эхлэн өнөөдрийг хүртэл НӨАТ-аас чөлөөлж байсан юм. Энэ хүрээнд 2008-2011 онд 30.0 тэрбум төгрөг, 2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 45.7 тэрбум төгрөгийн татварыг хөнгөлөөд байгаа аж. Үүний үр дүнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн 60 хувийг шинэчилж, гурилын үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээт гурилын 75 орчим хувийг үйлдвэрлэх боломж бүрдсэн байна.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуйн яам


















