Газрын тосны үнэ унасан нь хуванцар бүтээгдэхүүний үнэд нөлөөлжээ
Сүүлийн саруудад газрын тосны үнэ унаж байгаа нь хуванцрыг илүү хямд зардлаар үйлдвэрлэх боломж олгож, байгаль орчны бохирдол нэмэгдэхэд хүргэж байна.
Мэдээллийн алба

Сүүлийн саруудад газрын тосны үнэ унаж байгаа нь хуванцрыг илүү хямд зардлаар үйлдвэрлэх боломж олгож, байгаль орчны бохирдол нэмэгдэхэд хүргэж байна. Газрын тосны үнэ өнгөрсөн онд нэг баррель нь 50 америк доллар байсан бол энэ онд 33 америк доллар болж, эрс унаад байгаа юм.
Үүнээс үүдэлтэйгээр Их Британи улсад хуванцрыг шинээр үйлдвэрлэх нь дахин боловсруулахаас илүү хямд өртөгтэй тусах болжээ. Улмаар компаниуд дахин боловсруулсан биш, шинэ хуванцар худалдан авах нь эрс нэмэгдсэн байна. Их Британийн хуванцар дахин боловсруулах үйлдвэрүүдэд 7 мянга гаруй хүн ажилладаг гэх тооцоо байгаа юм. Эдгээр хүний хувьд болон байгаль орчин хамгаалдаг идэвхтнүүдийн хувьд газрын тосны үнэ унаж байгаа нь тун таагүй мэдээ болж байна.
Тус улс дахь хуванцар дахин боловсруулах хэд хэдэн үйлдвэр хаалгаа барьж, олон арван хүн ажилгүй болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Мөн дахин боловсруулалтад оруулалгүй хог хаягдлын төвлөрсөн цэгт булж байгаа хуванцар бүтээгдэхүүний хэмжээ эрс нэмэгдэж, байгаль орчинд ноцтой бохирдол үүсгэж байна. Та бүхэнд сануулахад, газрын тосонд агуулагддаг этилен нь хуванцар бүтээгдэхүүн хийх үндсэн түүхий эд болдог юм.


















