Гэмт хэрэг 25.9 хувиар буурчээ
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл (НГХУСАЗСЗ) ээлжит хуралдаанаа хийж, эхний хагас жилийн үйл ажиллагааны биелэлтээ дүгнэж, нөхцөл байдлын мэдээллийг сонслоо.
Мэдээллийн алба

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл (НГХУСАЗСЗ) ээлжит хуралдаанаа хийж, эхний хагас жилийн үйл ажиллагааны биелэлтээ дүгнэж, нөхцөл байдлын мэдээллийг сонслоо.
Тус зөвлөлийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аливаа гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож түүнийг арилгахад чиглэсэн 2021 оны төлөвлөгөөт ажлуудын биелэлт 60 орчим хувьтай байна.
Тус зөвлөлөөс хууль, хяналтын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа техник хэрэгслийн хангамж, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхааран ажиллаж буй. Үүний зэрэгцээ соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байгааг НГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцууллаа. Тухайлбал, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхээр машин, техник хэрэгслийн шинэчлэлийг хийгээд байна.
Хуралдаанд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргалын танилцуулснаар энэ оны эхний хагас жилд нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 25.9 хувиар буурч, зөрчлийн хэрэг 1.2 дахин өсжээ. Бүртгэгдсэн зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 78.6 хувиар өссөн нь дүүрэг дэх Цагдаагийн газрын харьяанд Замын цагдаагийн хэлтэс харьяалагдаж, тус газрын тоо мэдээнд дүгнэгддэг болсонтой холбоотой ба нийт зөрчлийн 162.980 буюу 70.7 хувийг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих“-д заасан зөрчил эзэлж буй аж. Харин коронавируст халдварын улмаас тавьж буй хорио цээрийн дэглэм ахуйн хүрээний архидан согтуурал, улмаар гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх шалтгаан болж буйг хурандаа Р.Отгонжаргал хэллээ. Тиймээс Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас хяналтыг сайжруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.


















