Гэмт хэргийн хохирлыг хэрхэн бодитой дүгнэх талаар ярилцлаа
Эд хөрөнгийн үнэлгээ хийхэд оролцдог эрх бүхий байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэргийг шалгах явцад гарч байгаа зарим бэрхшээл, асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ярилцлага зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитойгоор тогтооход эд хөрөнгийн үнэлгээг үнэн зөв гаргах явдал хууль эрх зүйн чухал ач холбогдолтой байдаг. Мөн хэргийн зүйлчлэл болон хохирол төлүүлэх зэрэг олон асуудалд нөлөөлдөг. Иймд дээрхи байдлыг харгалзан Улсын Ерөнхий прокурорын газраас санаачлан өнөөдөр Эд хөрөнгийн үнэлгээ хийхэд оролцдог эрх бүхий байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэргийг шалгах явцад гарч байгаа зарим бэрхшээл, асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ярилцлага зохион байгууллаа. Тус ярилцлагад Улсын ерөнхий прокурорын газар болон Улсын дээд шүүх, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагуудын 30 гаруй төлөөлөл оролцжээ. Байгууллага тус бүр өөр дээр нь гарч байгаа хүндрэлтэй асуудлууд, үнэлгээ хийх асуудлыг хэрхэн зохистойгоор хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж цаашид ямар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж асуудлыг шийдвэрлэх талаар саналуудаа гаргасан байна. Тиймээс цаашид гарсан саналуудыг нэгтгэж, холбогдох арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.


















