Генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генерал цол олгож эхэлсэн ойгоор төр засаг генералуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Мэдээллийн алба

Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генерал цол олгож эхэлсэн ойгоор төр засаг генералуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр генералуудыг хүндэтгэн, баяр хүргэлээ. УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Монголын үе үеийн алтан мөрдөстнүүд ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, эгэл цэрэг дайчидтайгаа бие, сэтгэлээрээ ямагт хамт байж, тэднийг эцэг, эхийн ёсоор халамжлан сургаж, аюулгүй орчинд үүргээ нэр төртэй биелүүлэх, өсөж хөгжих нөхцөл, боломжоор хангахын төлөө зүтгэж байна. Эрхэм генералууд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генералын цол олгож эхэлсний 71 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэе” гээд Монгол Төрийн багана бат бэх байж, Монгол генералуудын үйлс дэлгэрч байх болтугай хэмээн ерөөлөө.
Манай улсад анх 1944 онд генерал цолыг бий болгож 11 хүнд олгож байсан түүхтэй. Түүнээс хойш 70 жилийн хугацаанд зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагуудаас 163 генерал цолтон төрөн гарсан байна. Монгол Улсын цэргийн дээд цол нь хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал байсан бол 2006 онд “Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-д өөрчлөлт орсоноор барууны өндөр хөгжилтэй орнууд, НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолнууд хэрэглэхээр болсон юм


















