Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэрч хохирогчийг хамгаалах ажиллагаа амжилттай хэрэгжиж байна

Монгол улсад сүүлийн таван жилийн байдлаар авч үзэхэд гэмт хэргийн гаралт 2009 онд 20373 , 2013 онд 25362 болж 24.4 хувиар, түүний дотор хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Гэрч хохирогчийг хамгаалах ажиллагаа амжилттай хэрэгжиж байна
Гэрч хохирогчийг хамгаалах ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Монгол улсад сүүлийн таван жилийн байдлаар авч үзэхэд гэмт хэргийн гаралт 2009 онд 20373 , 2013 онд 25362 болж 24.4 хувиар, түүний дотор хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 19.8 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 25.5 хувиар, гэмт хэргийн улмаас хохирсон хохирол 3.2 дахин нэмэгдэж, 159 тэрбум төгрөгт хүрсэн байна.

ЦЕГ-ын мэдээлллээс үзэхэд 2011-2013 онд хохирогчдын тоо 34.5 хувиар, үүнээс эмэгтэй хохирогчдын тоо 43.5 хувиар өсчээ. Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тавдугаар бүлэгт “гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх”-ээр заасаны дагуу гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдаж, 2013 оны долоодугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд уг хуулийн дагуу Тахарын албаны дэргэд “Гэрч, хохирогчийг хамгаалах газар” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаагүй байна.

Гэрч, хохирогчийг эрүүгийн байцаан шийтгэх болон шүүн таслах үйл ажиллагаанд зөвхөн нотлох баримтын түвшинд авч үздэг байсан байдал үүгээр дуусгавар болж, тэдний эрхийг хамгаалах, аюулгүй байдалд нь анхаарал хандуулах хууль батлагдаж, тэднийг байцаан шийтгэх үйл ажиллагаанд итгэлтэй оролцох нөхцөл бүрдэж эхэлж байгаа нь шүүхийн шинэтгэлийн нэгэн чухал алхам мөн билээ.

Тахарын албаны гэрч, хохирогчийг хамгаалах газар нь “Нээлттэй нийгэм хүрээлэн”, “Жендерийн тэгш эрхийн төв” болон бусад шинжээчид, эрдэмтэдтэй хамтран “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж байна.

Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн хурлын танхимд уг хөтөлбөрийн анхны хэлэцүүлэг хоёр өдрийн турш үргэлжлэн явагдаж байгаа юм.

Тахарын ерөнхий газрын дэргэд байгуулагдсан гэрч, хохирогчийг хамгаалах газар нь 2014 оны тавдугаар сараас 2014 оны 8 дугаар сарын 22-ны байдлаар гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, хууль эрх зүй, сэтгэл санаа болон эрүүл мэндийн дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн, хар тамхи мансууруулах бодисын эсрэг, хүн худалдаалах болон бэлгийн гэмт хэргийн хохирогчид болон шүүгчийн аюулгүй байдлын чиглэлээр нийт 17 иргэнд туслалцаа үзүүлээд байна.

Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 5 байгууллага байгаа бөгөөд үүнд Тахарын алба, Цагдаа, Мөрдөх алба, Авилгалтай тэмцэх газар, Тагнуулын байгууллага бүгд өөр өөрийн эрх мэдлийн хүрээнд ажиллах ёстой бөгөөд эдгээр таван байгууллагын уялдаа холбоо, үүрэг функцийг тодорхой болгох ажил нэн тэргүүний шийдвэрлэх ажлуудын нэг болоод байгаа юм.

Удахгүй уг таван байгууллагын удирдлагын хүрээнд уулзалт, хэлэлцүүлгүүдийг мөн Тахарын албаны санаачлагаар зохион байгуулахаар болоод байгаа аж.

Түлхүүр үг:Гэрч хохирогчийг хамгаалах Тахарын албаны үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна
Хуваалцах