Герман улсад Монголын эдийн засгийн чуулган зохиогдоно
УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Г.Тийдеманныг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Г.Тийдеманныг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга элчин сайдтай дахин уулзаж, хоёр орны харилцаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны тухай ярилцах гэж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Г.Тийдеманн өмнөх уулзалтаас хойш өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын ХБНГУ-д хийхээр төлөвлөгдсөн албан ёсны айлчлалыг зохион байгуулах талаар хийсэн ажлаа танилцуулаад Германы байгууллагууд эдийн засгийн чиглэлээр Монголын талтай өргөн хүрээгээр хамтран ажиллах ихээхэн сонирхолтой байгааг онцлов. Мөн тэрээр энэ оны зургадугаар сард Герман Монголын эдийн засгийн чуулган зохиогдох гэж байгааг дурдаад зам тээврийн салбар түүний дотор иргэний агаарын тээврийн зөвлөх үйлчилгээ, төмөр замын техникийн шинэчлэлд хоёр талын мэргэжлийн байгууллагууд амжилттай хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байна гэв. Түүнчлэн энэ онд тохиож байгаа Герман Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Германы талаас гаргаж байгаа хүчин чармайлтыг дэмжиж ажиллахыг хүслээ.
УИХ-ын дарга Элчин сайдад хандан хоёр орны эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярихдаа, Монгол Улс аж үйлдвэржилтийг хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд нүүрснээс хий гаргаж авах технологийг нэвтрүүлэхээр Хятадтай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн инженерүүд нүүрснээс хий гаргах технологийг өндөр түвшинд эзэмшин нэвтрүүлсэн Герман улсын туршлагыг судлан ажиллаж байгааг дуулгав. Мөн хуучны том барилгатай цахилгаан станцуудаа Германы Siemens-ийн өндөр технологийн тоног төхөөрөмжөөр тоноглосноор одоогийн байгаагаас хэд дахин илүү хүчин чадлаар цахилгаан станцууд ажиллаж, өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа Улаанбаатарын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангахуйц үйлдвэрлэл явуулах боломжийг судлаж байгаа тухай онцлон ярилаа.


















