Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германы эрх баригчид цагаачдын талаарх бодлогоо дахин чангатгав

Өнгөрсөн онд нутаг дэвсгэртээ 1,1 сая цагаач дүрвэгч хүлээн авсан Герман улсын эрх баригчид цагаачдын бодлогоо дахин чангатгахаар болжээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы эрх баригчид цагаачдын талаарх бодлогоо дахин чангатгав
Германы эрх баригчид цагаачдын талаарх бодлогоо дахин чангатгав. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн онд нутаг дэвсгэртээ 1,1 сая цагаач дүрвэгч хүлээн авсан Герман улсын эрх баригчид цагаачдын бодлогоо дахин чангатгахаар болжээ. Энэ хүрээнд Германд ирсэн дүрвэгчдийг гэр бүлийнхэнтэй нь нэгтгэх ажлыг хоёр жилийн хугацаатай зогсоох, мөн орогнох эрх авч чадаагүй дүрвэгчдийг албадан гаргах ажлыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэх юм байна.

Германы эрх баригч эвсэлд багтдаг Ангела Меркелийн Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо нам болон зүүний үзэлт социал демократ нам цагаачдын бодлогодоо өөрчлөлт оруулах тухайд санал зөрөлдөж байснаа эцэслэж, ийнхүү нэгдсэн шийдвэрт хүрчээ. Ингэснээр Германы хилээр цагаач дүрвэгчид хууль бусаар нэвтрэхээс сэргийлэх арга алхмыг чангатгаж, оронд нь Ливан, Йордани зэрэг орон дахь дүрвэгчдийн хуарангаас тодорхой тооны дүрвэгчийг нутаг дэвсгэртээ авчран, орогнол олгохоор болжээ.

Мөн Марокко, Тунис, Алжир зэрэг орныг “аюулгүй” гэх ангилалд багтаан, эдгээр орноос ирсэн хүмүүсийг Германаас албадан гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Марокко улс Германаас албадан гаргуулсан иргэдээ эргүүлэн хүлээн авахад бэлэн гэдгээ өчигдөр зарласан юм. Дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэхэд санхүүгийн нөөц боломжоо шавхаж байгаа Ангела Меркелийн засгийн газрын нэр хүнд сүүлийн саруудад унаад байгаа юм.

Хоёр сарын дараа болох гурван мужийн сонгууль болон ирэх оны парламентын сонгуулиас урьтаж, засгийн эрх баригч эвсэл ард иргэдийнхээ итгэлийг эргүүлэн олж авах зорилгоор цагаачдын бодлогоо чангатгалаа гэж ажиглагчид тайлбарлаж байна. Германы дүрвэгчдийн байр, хуарангуудын ачаалал аль хэдийн хэтэрсэн. Иймээс албадан гаргах ажлыг түргэвчлэхгүй бол цаашид нэмж дүрвэгч хүлээн авах боломж хомс болсныг тус улсын холбооны зарим мужийн удирдлагууд мэдэгдээд байгаа юм.

Хуваалцах