Германы төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Германы бүлгийн дарга Р.Бурмаа болон Монгол-Германы бүлгийн гишүүд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Баден-Вюртеммберг мужийн Ерөнхий сайдын орлогч Нийлс Шмид тэргүүтэй Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Германы бүлгийн дарга Р.Бурмаа болон Монгол-Германы бүлгийн гишүүд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Баден-Вюртеммберг мужийн Ерөнхий сайдын орлогч Нийлс Шмид тэргүүтэй Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ дахь Монгол-Германы бүлгийн дарга Р.Бурмаа, Германы аж үйлдвэр хөгжсөн мужийн төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр орны хууль тогтоох байгууллагууд сайн харилцаа, хамтын ажиллагаатай явж ирсний зэрэгцээ Монгол Улсын Их Хурал Бундестагаас үлгэр жишээ авч “Өргөдлийн байнгын хороо”-г шинээр байгуулсныг онцлон тэмдэглэв. Мөн хоёр орны улс төрийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Германы аж үйлдвэр хөгжсөн муж улстай тодорхой салбаруудад харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх сонирхолтой байгаагаа дуулгав. Түүнчлэн Монгол Улсад мэргэжлийн ажиллах хүчин шаардлагатай байгаа бөгөөд автомашин, төмөрлөг, машин техник, үйлдвэрлэлээр Германдаа төдийгүй Европд тэргүүлдэг мужтай техник мэргэжлийн сургалт явуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ноён Нийлс Шмид, Байнгын хорооны даргыг цаг зав гарган, өргөн бүрэлдэхүүнтэй хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд, Ландтагийн “Өргөдлийн байнгын хороо”-ны даргаар шинээр сонгогдсон гишүүдийг ажиллуулдаг уламжлалтайг танилцуулсан юм. Баден-Вюртеммберг мужийн Ландтагын “Өргөдлийн байнгын хороо” бусад байнгын хороодоос хамгийн том байнгын хороонд тооцогддог ажээ. Мөн тэрээр Монгол, Германы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох зорилготой ирсэн тухайгаа дуулгаж, Монгол Улсаас Герман Улсад мэргэжилтэн бэлтгэх, Герман Улсаас Монгол Улсад сургагч багш илгээн ажиллуулахад бэлэн байгаагаа хэлсэн юм.


















