Гильдийн нэрэмжит дээд шагнал гардуулах ёслол эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэнэ
Кино урлаг болон телевизийн салбарын Гильдийн нэрэмжит дээд шагнал гардуулах 24 дэх удаагийн ёслол маргааш Калифорни мужийн Лос-Анжелес хотод болох гэж байна.
Мэдээллийн алба

Кино урлаг болон телевизийн салбарын Гильдийн нэрэмжит дээд шагнал гардуулах 24 дэх удаагийн ёслол маргааш Калифорни мужийн Лос-Анжелес хотод болох гэж байна.
Шоуны ерөнхий продюсер Кэти Коннел энэ жилийн шагнал гардуулах ёслолыг эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн эрхэд хандуулсан сэдвээр зохион явуулна гэж мэдэгджээ.
Шагнал гардуулах ёслолыг энэ удаад хөтлөгчтэй явуулахаар болсон байна. Зохион байгуулагчдын зүгээс "Энэ сарын 7-ны өдөр болсон "Алтан бөмбөрцөг" наадамтай адил үйл ажиллагаа зохион байгуулахгүй ч, шагнал гардуулах ёслолыг 24 жилийн түүхэнд анх удаа хөтлөгчтэй явуулах" болсон тухайгаа мэдэгдээд байгаа юм.
Хөтлөгчөөр "Фроузен" болон "Муу ээжүүд" киноны жүжигчин Кристэн Белл ажиллахаар болжээ. Тэрбээр ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн хохирогч болсон хүмүүст хууль зүйн туслалцаа үзүүлдэг "Таймз Ап" хэмээх хөдөлгөөний идэвхтэй гишүүн юм байна.
Үндсэн хөтлөгчөөс гадна нийт 13 номинацийг эмэгтэйчүүд зарлаж, шагналыг нь гардуулах аж. Үүнийг шоуны нэг онцлог хэмээн тодотгож байна. АНУ-ын кино урлагийн Гильд нь кино дэлгэц болон телевизийн салбарын уран бүтээлчдийн эрхийг хамгаалах зорилгоор 1933 онд байгуулагдсан, үйлдвэрчний эвлэлийн байгууллага юм.
Кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж олгодог Гильдийн тусгай шагналыг энэ жил жүжигчин Морган Фримэнд гардуулахаар болсон байна. Тэрбээр одоо 80 настай бөгөөд амьдралынхаа турш нийт 84 кинонд тогложээ. Түүний хувьд өмнө хоёр ч удаа "Алтан бөмбөрцөг", нэг удаа "Оскарын шагнал" хүртэж байжээ.


















