Говийн бүсэд зарласан аукционы гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
Мэдээллийн алба

Эрчим хүчний бодлогын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.
Хурлын үеэр сэргээгдэх эрчим хүчний аукционы талаарх мэдээллийг Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч С.Ариунболд өгөв.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаар шударга, өрсөлдөх зарчмаар аукцион зохион байгуулах эрх зүйн үндэс бүрдсэн. Гэвч үүнээс хойш өрсөлдөөнт сонгон шалгаруулалт (аукцион) зохион байгуулаагүй юм. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд аукцион зохион байгуулж, таван аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуур барих гүйцэтгэгч шалгарсан билээ. Ингэхдээ Засгийн газраас шаардлагатай хүчин чадал, эрчим хүчний хэмжээг урьдчилан тогтоож, төсөл хэрэгжүүлэгчдээс үнэ болон техникийн нөхцөлийн санал авч өрсөлдүүлсэн. Улмаар шалгарсан оролцогчидтой цахилгаан худалдах, худалдан авах гэрээ (PPA) байгуулсан.
Аукцион нь хэд хэдэн давуу талтайг ахлах шинжээч С.Ариунболд хэлсэн юм. Тодруулбал, үнийг өрсөлдөөнөөр тогтоож, ил тод, тэгш боломж бүрдүүлдэг зэргийг дурдав.
Улс орнууд аукционыг үндсэн найман төрлөөр явуулдаг. Тухайлбал, битүүмжилсэн санал авах, үнийн санал бууруулах, олон шалгуурт зарчим ашиглан сонгон шалгаруулалт явуулдаг. Манай улсын хувьд үндсэн гурван зарчмыг нь ашиглан, холимог загвараар анхны аукционыг явуулсан юм. Ингэхдээ Нидерланд, Дани, ХБНГУ, Казахстан зэрэг улсын сайн туршлагыг судалж, нэвтрүүлсэн бөгөөд аукционыг зохион байгуулахдаа ил тод байдал, тэгш мэдээлэл, өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчилгүй байх гэсэн гол зарчим баримталсан.
Анхны аукционы хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Булганы Орхон, Дундговийн Сайнцагаан, Өвөрхангайн Хархорин, Хэнтийн Хэрлэн суманд нийт 220 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.ц-ийн батарей хуримтлуур ашиглалтад оруулахаар зорьж буй. Өдгөө “Монхорус интернэшнл” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Хархорин суманд барьж буй 30 МВт/100 Мвт.ц-ийн хүчин чадалтай эх үүсвэр барих төслийн гүйцэтгэл хамгийн өндөр буюу 35 хувьтай үргэлжилж байна.

Цаашид Монгол Улс өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэд хэдэн байршилд нар, салхин цахилгаан станц, том чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Зүүн бүсэд гэхэд эрчим хүчний нийт хэрэглээнийх нь 45 хувь уул уурхайн компаниудад ногддог, 24 цагийн тогтвортой хэрэглээтэй. Систем нэг үндсэн эх үүсвэрээс хамааралтай байгаа юм.
Баруун бүсийн хэрэглээний 83 хувийг ОХУ, БНХАУ-ын импортоор хангаж байгаа бөгөөд чадлын дутагдалтай явж ирсэн. Түүнчлэн 21 аймаг, 330 сумын хэмжээнд стандарт хэмжээнээс урт шугамын алдагдал ихтэй сумд 19 хувь, өвлийн их ачааллын хэмжилтээр нийт сумдын 10.3 хувь нь хүчдэлийн уналттай, Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрэмд заасан доод түвшнээс бага байгаа. Иймээс зүүн, баруун бүсэд болон сумдын тархмал эх үүсвэрийн аукционыг зарлах шаардлага үүсээд байгаа юм. Энэ нь ОХУ, БНХАУ-аас авах эрчим хүч, импортын хамаарлыг үе шаттай бууруулах, чадлын дутагдлыг нөхөхийн сацуу хэрэглээ хязгаарлах эрсдэлийг багасгах зэрэг ач холбогдолтой.
Үүнээс гадна манай улс говийн бүсэд аукцион зохион байгуулахаар ажиллаж буй. Одоогийн байдлаар “Оюутолгой” төсөл БНХАУ-ын ӨМӨЗО-оос жилд 1.6 тэрбум кВт/ц эрчим хүч худалдан авч байгаа бөгөөд гэрээний хугацаа 2030 онд дуусна. Иймээс Эрчим хүчний яам говийн бүсэд цахилгаан эрчим хүчийг 99.5 хувийн найдваржилттайгаар, тогтвортойгоор нийлүүлэх тогтворжуулах шийдлүүд бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүртэй төслийн бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг аукционы зарчмаар сонгон шалгаруулахаар өнгөрсөн наймдугаар сарын 13-нд урилга хүргүүлсэн.
Уг аукционыг энэ сарын 24 буюу ирэх пүрэв гарагт зохион байгуулж, шаардлага хангасан компани, түншлэлийг сонгохоор төлөвлөж байна. Энэ нь “Оюутолгой” төслийг нар, салхины эрчим хүчээр хангах зорилготой юм.
БНХАУ-аас Оюутолгойн уурхайн хэрэглээнд зориулан худалдан авсан эрчим хүчний үнэ 2022 оноос хойш 18.8 хувиар өсжээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөх тарифыг хэлэлцэн баталдаг байна. 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш мөрдөж буй энергийн тариф 9.81 цент/кВт.ц байгаа юм. Иймээс дээрх аукционы анхны доод үнийг 9.7 цент/кВт.ц-аар тогтоогоод байна. “Оюутолгой”-г дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангаснаар цахилгааны импортод жил бүр 120-140 сая ам.доллар төлж байгааг Монголдоо авч үлдэх ач холбогдолтой.
Эрчим хүчний бодлогын зөвлөлийн гишүүдийн зүгээс “Говийн бүсэд зарласан аукцион нь Монгол Улсыг өрөнд оруулна гэж зарим хүн олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлсэн байсан” гээд, энэ талаар тодруулав. Ийм зүйл огт байхгүй гэдгийг Эрчим хүчний яам, “Диспетчерийн үндэсний төв”-ийн төлөөлөл мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, төвийн системийн тариф, төлбөрийн бүтцэд дарамт учруулахгүй юм.
Дээр дурдсанчлан БНХАУ-аас Оюутолгойн эрчим хүчийг хангах эрчим хүч худалдан авах гэрээ 2030 онд дуусах тул одооноос хөрөнгө оруулагчийг сонгож, импортод зарцуулж буй валютыг дотооддоо авч үлдэхэд анхаарах нь зүйтэй гэж байлаа. Мөн Тавантолгойн цахилгаан станцаас өмнө ашиглалтад оруулах боломжтой, эрчим хүчийг 99.5 хувийн найдваржилттайгаар нийлүүлэх ёстой хэмээн тусгасан нь зөв хэмээн тодотгоод, холбогдох бусад саналаа илэрхийлэв.




















