Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Говийн чоно-2015” сургуулилт үргэлжилж байна

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхижил нэмэгдэж байна. Газар хөдлөлтийн аюул бол Монгол орны хувьд үндэсний аюулгүй байдалд сөргөөр хүчтэй нөлөөлж болзошгүй аюул юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
“Говийн чоно-2015” сургуулилт үргэлжилж байна
“Говийн чоно-2015” сургуулилт үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхижил нэмэгдэж байна. Газар хөдлөлтийн аюул бол Монгол орны хувьд үндэсний аюулгүй байдалд сөргөөр хүчтэй нөлөөлж болзошгүй аюул юм. Тухайлбал, нийслэлийн орчимд Эмээлтийн бүсэд 2015 он гарсаар газар хөдлөлтийн чичирхийлэлт 107 удаа бүртгэгджээ. Мөн Гүнтийн даваа орчимд газар хөдлөлтийн шинэ идэвхижил ажиглагдаж эхэлсэн бөгөөд он гарсаар 35 удаа газар хөдлөлтийн чичирхийлэлт бүртгэгдсэн нь Монгол Улсад газар хөдлөлтийн чичирхийлэлтийн тоо, давтамж ойртсоор байгааг харуулж байгаа.

Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог, нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг, үйлдвэр, үйлчилгээний газар төвлөрсөн тул болзошгүй газар хөдлөлтийн аюул тохиолдвол олон хүний амь нас эрсдэх, орон сууцны болон үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламж нурах, цахилгаан, дулаан хангамж доголдох зэрэг нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэл өндөр байгаа юм.

Мөн 2010 онд Гайти Улсад тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон зуун барилга байгууламж нурж, 200 гаруй мянган хүн амь үрэгдэн, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хохирол учирсан билээ. Байгалийн гамшгийн өмнө өндөр хөгжилтэй улс орон ч хүчин мөхөсддөгийг 2011 оны гуравдугаар сард Японд болсон газар хөдлөлт, цунамигийн сүйрэл харуулсан.

Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Америкийн Нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2015” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, туршлага солилцох дадлага сургуулийг 2015 оны гуравдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэ удаагийн “Говийн чоно-2015” сургалт, дадлага сургууль нь газар хөдлөлтийн аюул тохиолдсон тухайн нөхцөл байдалд тулгуурлан газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, цэрэг-иргэний харилцааг зохицуулах олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах ажиллагааг боловсронгуй болгоход ихээхэн ач холбогдолтой болох юм. “Говийн чоно-2015” сургалт, дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, гамшгаас хамгаалах улсын албад, АНУ-ын Ази Номхон далайн хуурай замын цэргийн командлал, Аляскийн үндэсний гварди, хүмүүнлэгийн тусламжийн олон улсын байгууллагууд оролцож байна.

Сургууль дадлагын үеэр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах дадлага сургууль, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх аврах ажиллагааны дадлага сургуулиуд зохион байгуулагдах юм.

Тус сургуулилтын хүрээнд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулна. Энэхүү дадлага сургууль нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой.

Дадлага сургуулийн зарлан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд Нийслэлийн 6 дүүрэгт шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхагаар дамжуулан ажиллах аж.

Хуваалцах