Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Говийн чоно-2016” олон улсын дадлага, сургуулилт үргэлжилж байна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж Ази, Номхон далайн орнуудад тохиолдох байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, тэр хэрээрээ учруулах хор уршиг нь улам өсч буй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Говийн чоно-2016” олон улсын дадлага, сургуулилт үргэлжилж байна
“Говийн чоно-2016” олон улсын дадлага, сургуулилт үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж Ази, Номхон далайн орнуудад тохиолдох байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, тэр хэрээрээ учруулах хор уршиг нь улам өсч буй. Улаанбаатар хотоос 300 гаруй км-т газар хөдлөлтийн дөрвөн том хагаралтай нь тогтоогдоод байгаа манай улсын хувьд ч сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж нэмэгдэж, эрсдэл дагуулж мэдэхээр болоод байгаа юм. Монгол оронд хамгийн сүүлд 60 орчим жилийн өмнө хүчтэй газар хөдлөлт болсон төдийгүй Улаанбаатар хот Монгол Улсын газар хөдлөлтийн эрсдэлтэй хоёр бүсийн уулзвар орчимд байрладаг аж. Тиймээс болзошгүй гамшгийн үед нэг ч хором алдахгүйгээр эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах анхан шатны үйл ажиллагаа, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг шуурхай зохион байгуулах шаардлага тулгараад байгаа. Тэгвэл энэ бүхэнд хариулт өгч, гамшгийн хор уршгийг арилгах, туршлага солилцох “Говийн чоно-2016” тав дахь удаагаа эхэллээ.

Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтийн хор уршгийг арилгах байгууллага хоорондын зохицуулалт, гадаадын хүмүүнлэгийн тусламжид чиглэгдсэн дөрвөн өдрийн дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа юм. “Говийн чоно-2016”-г АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон Онцгой байдлын ерөнхий газраас энэ сарын 4-8-ны хооронд Улаанбаатар, Орхон аймагт зохион байгуулж байна. Энэхүү дасгал сургуулилтыг Монгол Улсын газар хөдлөлт, галт тэрэгний осол, уурхайн осол зэрэг төрөл бүрийн гамшигт тулгуурлан, үндэсний болон дотоодын гамшгийн удирдлагын чадавхийг идэвхтэй сайжруулах зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн дадлага сургуулилтыг Орхон аймагт болох газар хөдлөлтийн дасгал сургуулилтад тулгуурлах бөгөөд гамшгийн удирдлагын төлөвлөгөө, газар хөдлөлтийн бэлэн байдал, цэрэг иргэний хамтын ажиллагааны зохицуулалт болон олон улсын хүмүүнлэгийн тус­­ламжийг хүлээн авах чадавхийг бэх­жүүлэх чиглэлтэй юм. Энэхүү томоохон дадлага сургуулилтын талаар өчигдөр ОБЕГ-ын удирдлагууд болон АНУ-ын Номхон далайн команд, армийнхан мэдээлэл өгсөн юм.

Дасгал сургуулилтад ОБЕГ болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий яам, агентлагууд, АНУ-ын Номхон далайн командлал, АНУ-ын Номхон далайн арми, Монгол Улс дахь хүмүүнлэгийн баг оролцож байна. Түүнчлэн олон улсын бүс нутгийн түншүүд Балба, Япон, БНСУ-ын төлөөлөл оролцож харилцан мэдлэг, туршлага солилцохоор иржээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хуваалцах