Говьсүмбэр аймаг хэлмэгдсэн 61 иргэний ар гэрт 61 сая төгрөгийг олгожээ
Говьсүмбэр аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга, аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргал Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн үйл ажиллагааг нээлээ.
Мэдээллийн алба

Говьсүмбэр аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга, аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргал Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн үйл ажиллагааг нээлээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгосон тухай, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг нь мөнхжүүлэх, нийгмийн халамжийн туслалцаа үзүүлэх, шалгагдаагүй үлдсэн хэргүүдийг үргэлжлүүлэн шалгуулах, цагаатгуулах зэрэг хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл хийв. Тус аймгийн хэмжээнд 1998 оноос хойш цагаатгагдсан хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдийн 61 иргэнд 61 сая төгрөг олгогдоод байгаа ажээ.
Энэ жилийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг аймгийн ИТХ, Цагаатгах ажлын салбар комиссоос арай өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад Хэлмэгдүүлэлтийн хор, хөнөөл, хэлмэгдүүлэн завхруулж байсан 1930-1940-өөд оны хар дарсан он жилүүдийн талаарх баримтат кино үзүүлэн, 5-р сургуулийн түүхийн багш Т.Амгалан лекц уншсан нь сонирхолтой байв. Мөн хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдийнхөнд гарын бэлэг өгч, гунигт түүх, өрөвдөм яриа, нуугдсан дурсамжийг нь сурагч багачууд, хойч үеийнхэндээ сургамж болгон яриулж сонирхуулаа. Дараа нь цагаан цэцэг барьцгаан төв гудамжаараа алхан Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөн, лам нар ном хурж хүндэтгэл үзүүлцгээв. Боржигин Сэцэн Вангийн хошууны сүүлчийн ноён Нэрэнгийн Гомбосүрэн агсаны зээ охин, өндөр настан С.Саранцэцэг хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдийг төлөөлж үг хэлэв.
Говьсүмбэр аймаг Боржигин Сэцэн вангийн хошууны өлгий нутаг бөгөөд энэхүү хошуу нутгийг захирч асан, сүүлчийн хошуу ноён Н.Гомбосүрэн агсаныг 1933 онд анх баривчлан хорьж байгаад сулласан боловч ахин 1938 онд баривчлан 15 жилийн ял өгч шоронд явуулаад тэр чигтээ сураггүй болсон ажээ. Харин түүний хүү Г.Батнягтыг мөн 1938 онд баривчлан тэр жилдээ цаазалсан байна. Энэ өдөр замын хөдөлгөөнд оролцсон авто машинууд бүгд гэрлээ асаацгаасан байлаа.


















